Б.Ганзориг нь “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хүн дайрч алахыг завдсан хэргийг шийдвэрлэх явц нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Гэтэл энэ хэрэг нь прокурорын байгууллагаас алга болсон. Тэр хүн худал мэдээлэл тараасан хэргээрээ хоёр сар дүүргээсээ гарах эрхгүй болж, цахим гав зүүсэн.
Тэгэхэд над дээр Л.Чинбатын туслахын хурууг хугалсан гэдэг зохиомол хэрэг нээсэн. Би гэрчтэйгээ “Ийм хэрэг хийгээгүй” гэдгээ хэлсэн боловч шүүх эмнэлгийн бичгээр ял өгсөн.
Намайг хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрч, 450 мянган төгрөгийг төлөөгүй нь төлөө торгох ялыг хорих ялаар сольж байна гэнэ. Би бол ийм ял авах үндэслэлгүй. Л.Чинбатын хүн дайрч алахыг завдсан хэрэг нь яагаад замхарсан бэ. Би буруу юм хийгээгүй. Шударга үнэн гэж байдаг бол намайг Л.Чинбаттай хамт хорихыг хүсч байна” гэв.
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 2024 оны тавдугаар сарын 1-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Л.Чинбатад хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Харин олон нийтийн сүлжээнд бичлэг хийсэн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригт “Гацуурт” ХХК-ийн ажилтны хурууг хугалсан гэж яллах дүгнэлт үйлдэн, холбогдох хэргийн шүүх хурал /2024.05.15/ болсон. Түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзэн 450 нэгжээр торгосон байдаг.
Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат 2023 оны долдугаар сард Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэдгийг шүүхээс мэдээлсэн.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн юм.
Харин түүний бусдыг амийг машинаараа дайрч хөнөөхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.