Кубийн Михайн Лопес ТАВАН олимпод түрүүлсэн анхны тамирчин боллоо
Куба улсын тамирчин Михайн Лопес Нунес Парис 2024 зуны олимпын сонгомол бөхийн -130 кг жинд түрүүлснээр таван олимпод түрүүлсэн анхны тамирчин боллоо.
Анх 2004 оны Афины олимпод оролцож байсан 42 настай тэрээр зургаа дахь олимпдоо оролцсон нь энэ бөгөөд Бээжин 2008, Лондон 2012, Рио 2016, Токио 2020, Парис 2024 гэсэн таван олимпод дараалан түрүүлэв.
Дэлхийн таван удаагийн аварга Михайн финалд Чилийн бөхийг 6-0 харьцаагаар ялсныхаа дараа үзэгчдийн өмнө дэвжээн дээр зодог тайлж хүндэтгэл үзүүлэв.
Лопес 2004, 2008, 2012 оны олимпод Куба улсын туг баригч байсан бөгөөд 2008, 2012 онд 120 кг жинд алтан медаль хүртэж байв. Харин 2016 оноос 130 кг жинд түрүүлсэн ба 2020 оны Токиогийн олимпод бүх л тэмцээний турш нэг ч оноо алдалгүй түрүүлж олимпод дөрөв дараалан түрүүлсэн анхны бөх болж байв. Мөн тус олимпоор улсынхаа далбааг барьснаар нэг улсын далбааг дөрвөн олимпод залсан Кубийн хоёр дахь тамирчин болсон юм.