ПАРИС 2024: Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ, Б.Хонгорзул, Б.Хулан нар барилдана
Өнөөдөр /2024.08.08/ эрэгтэй -86 кг, эмэгтэй -57 кг жингийн барилдаанууд эхэлнэ. Мөн эмэгтэй -53 кг жингийн дагах болон медалийн барилдаанууд болно. Эдгээр жинд Монгол Улсаас Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Бат-Эрдэнэ нар барилдана.
Тодруулбал,
- Эрэгтэй -86 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин 25 настай Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ зодоглоно. Тэрбээр эхний шатанд 2021, 2022 оны дэлхийн аваргын хүрэл, 2023 оны мөнгөн медальт Азербайжаны тамирчин 26 настай Осман Нурмагомедовтой учраа таарчээ.
- Харин эмэгтэй -57 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин, 2019 оны залуучуудын дэлхийн аварга 23 настай Болдсайханы Хонгорзул зодоглоно. Түүний тухайд эхний шатанд 2022 оны Азийн наадмын хүрэл медальт Хятадын 21 настай Кешин Хонтой барилдана.
- Эмэгтэй -53 кг жингийн дагах барилдаанд Б.Хулан 2022 оны дэлхийн аварга АНУ-ын 27 настай Доминик Оливиа Парриштай барилдах юм. Чөлөөт бөхийн барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.