Н.Мөнхнасан: Монполиментийн 1000 гаруй ажилтны эрх зөрчигдөж, дампуурлаа зарлах хэмжээнд хүрлээ
УИХ-ын гишүүн асан, “Монполимет Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн тавдугаар сард нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчлан мэдүүлэг авч сулласан байдаг.
Үүнтэй холбоотой, Монполимент группийн үйл ажиллагаа явуулдаг дансыг хааж битүүмжлэн Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод зогсоогоод 71 хоног буюу хоёр сар гаруй хугацаа өнгөрч 1000 гаруй ажилтны эрх зөрчигдөж, дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн талаар Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр жиргээ хуудаснаа, “Монполимет-н 6 салбар компанийн нийт 46 дансыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хааснаас өнөөдрийн байдлаар 19 данс битүүмжлэлтэй хэвээр байна. Эрүүгийн хэргийн бүх ажиллагаа хуульд нийцэж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр явах ёстой байтал Хөгжлийн банкны гэх хэрэгт ямар ч хамааралгүй компаниуд болон гэр бүлийн гишүүдийн бүх хувийн данснуудыг хаасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, тэр дундаа хүний эрх эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байна.
Бид Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газарт Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, үйл ажиллагаа нээлгэх, бусад хууль бус ажиллагааг таслан зогсоолгох тухай 100 гаруй хүсэлт илгээсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үндэслэл шалтгаангүйгээр татгалзсаар байна.
Үйл ажиллагаа болон данс хааснаас хойш 76 хоног, Тосон үйлдвэрийг битүүмжилснээс хойш 71 хоног өнгөрч үйл ажиллагаа доголдож, 1000 гаруй инженер техникийн ажилтнуудын маань үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөж, өдрөөс өдөрт цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их хохирол үүсч, хагас жилийн тайлангийн байдлаар дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна. Хууль хүчний байгууллагын шударга бус үйлдлийн улмаас хувийн аж ахйн нэгж дампуурсан түүх ийнхүү үүслээ” гэжээ.