Монголоос зуны Паралимпын наадамд 12 тамирчин өрсөлдөнө
Зуны Паралимпын XVI наадам эхлэхэд 12 хоногийн хугацаа үлдлээ. Энэхүү наадамд спортын 22 төрлөөр 4400 гаруй тамирчин 549 медалийн төлөө өрсөлдөнө. Монголоос тус наадамд жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд 12 тамирчин өрсөлдөнө.1988 оноос эхлэлтэй тус наадамд Монгол Улс 2000 оноос оролцож эхэлсэн бөгөөд хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байдаг.
Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Э.Содномпилжээ оролцохоор бэлтгэлээ хангажээ. Түүний хувьд наадмын нээлтэд Монгол Улсын тугчаар ажиллах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэх бөгөөд гурав дахь удаагаа паралимпэд оролцож байна.
Пара хөнгөн атлетикийн төрлийн Т-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд олон улсын хэмжээний мастер П.Энхманлай өрсөлдөнө. Харин пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга оролцохоор эрхээ авчээ.
Манай улсаас усанд сэлэлтийн төрлөөр паралимпын наадамд оролцож буй анхны тамирчин нь Х.Номуун болж байна
Пара байт харвааны төрөлд ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь. Мон таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар тулалдана.
Түүнчлэн пара жүдогийн 3-1 ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат нар зодоглоно, Монголын тамирчдын түрүүч энэ сарын 18-нд Парисыг зорих бөгөөд 29-нд байт харвааны тамирчид манайхны салхийг хагална.