“Төгс амлалт” өгөөд байсан Яармагийн гүүр есдүгээр сард ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 6-р сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн “Төгс амлалт” өгөөд байсан Яармагийг Нэгдүгээр хороололтой холбосон гүүрэн байгууламж бүхий автозамын бүтээн байгуулалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Энэ жил бороо элбэг байгаагаас үүдэж Туул голын чиглүүлэгч далан сэтэрсэн. Үүнээс шалтгаалаад Яармагийн гүүрийн урд хэсэг рүү ус орсон. Гүүрийн холболтын ажил үер ус ихтэй байгаа учир хойшилж байна. Өдөр бүр ажлын явцыг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт буталсан шороон сууриа авч дууссан. Ингэснээр далан бэхжилтийн ажил дууссан. Ямартай ч ирэх есдүгээр сард Яармагийн гүүрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
Түүнчлэн I хорооллын Ард Аюушийн замын ажлыг хийж байна. Энэ жил ойрын жилүүдэд хийгээгүй шугам сүлжээг шинэчлэх ажил хийсэн. I хороолол, Саппорогоос хотын төв орох 11-ийн Г,Д шугамыг бүрэн шинэчлээд дууслаа. Дэлхийн банкны санхүүжилтээр, хотын төвийн 2 А,Б шугамыг бүрэн шинэчилж байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудын шугам сүлжээг өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, хэд хэдэн шугам татах ажлын тендер зарласан. Хэдийгээр бороо ус ихтэй байгаа ч шугам сүлжээний ажлыг цаг хугацаандаа хийж байна” гэлээ.