RAIN Солонгосын энтертаймент салбарын тэргүүлэгч 100 хүний жагсаалтын гуравт бичигддэг
Монголд тоглолтоо хийхээр тун удахгүй ирэх БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Rain гэж хэн бэ?
Түүний тухай сонирхолтой 6 баримтыг хүргэж байна. Rain буюу Жун Жи Хун 1982 оны зургаадугаар сарын 25-нд БНСУ-д төрсөн. Дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин юм. Тэрбээр бүх хүний дээрээс бороо мэт асгарах болно гэсэн утгаар тайзны нэрээ Rain гэж явжээ.
Түүний гэр бүл тийм ч боломжийн амьдралтай байгаагүй учир дуучин залуугийн авьяасыг дэмжих нөхцөл боломж тааруу байв. Ээж нь хоолны газарт угаагч хийж, чихрийн шижин өвчтэй байсан аж. Ээжийгээ нас барсны дараа Rain амьдралд юу ч тулгарсан даван туулж, заавал амжилтад хүрнэ гэж өөртөө болон ээждээ амлажээ. Цэргийн алба хааж ирээд жүжигчин Ким Тэхитэй үерхэж эхлэн, бараг таван жил орчмын үерхлийн дараа 2017 оны нэгдүгээр сард гэрлэсэн. Тэд хоёр охинтой. Rain, Ким Тэхи нарын хайрын түүх их алдартай. Ким Тэхид эхэндээ тоогдоогүй Rain хэрхэн тууштай байж эхнэрээ болгосон, хосуудын нэг нэгнээ хүндэлж, хайрлаж буй арга ухаанаас олон хүн суралцдаг. Rain долоон цомог, 28 сингл дуу гаргаж, дэлхий даяар аялан тоглолтууд хийсэн. Түүний хамгийн гайхалтай амжилтад хүрсэн цомог нь “It’s Raining”. Тэр Солонгосын энтертаймент салбарын тэргүүлэгч 100 хүний жагсаалтын гуравт бичигдэж, 2006, 2011 онд Time сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарч байв.