Гарын авлага: Хятадад зорчих хүн бүрийн заавал татах аппууд
Виз шаардахгүй, хямд үнэтэй, очиход хялбар тэргүүтэй олон шалтгааны улмаас урд хөрш маань монголчууд бидний хувьд хамгийн ихээр зорин очдог орон болжээ. Улс төрийн байдал, технологийн хэрэглээ зэргээс шалтгаалаад Хятадын нөхцөл байдал манай улсаас ялгаатай. Тэр дундаа өдөр тутамдаа хэрэглэдэг аппууд нь тэс өөр хэмээн хэлэхэд буруудахгүй.
Орчин цагт ухаалаг утасны аппгүй амьдрахад улам л хүнд болоод байна шүү дээ. Тиймээс Хятад руу урт, богино хугацаагаар аялж, сурах, амрах гэж яваа хүн бүрийн утсан дээр нь заавал байх ёстой аппуудыг танилцуулъя. Эдгээр аппгүй бол Хятадад аж төрөх тун бэрхшээлтэй шүү. Хилийн дээс алхахаасаа өмнө заавал татаарай.
Хятадад Facebook, Instagram, Google зэрэг аппууд ажилладаггүй гэдгийг та сонсож байсан л биз дээ? Тус улсын хувьд цахим орчны өндөр хараа хяналттай тул та заавал VPN апп татаж байж эдгээр хориглогдсон аппуудыг ашиглаж болно. Энгийнээр тайлбарлавал VPN нь таны цахим орчин руу хандаж байгаа байршлыг өөрчлөх бөгөөд улмаар Хятадад байгаа ч гэсэн интернэтэд өөр улсаас хандах боломжтой гэсэн үг.
Иймд танд юун түрүүнд VPN апп хэрэгтэй. Үнэгүй гэвэл Hotspot Shield-ийг, мөнгө төлөхөд бэлэн бол Express VPN-ийг санал болгоё. Түүнчлэн шууд эндээс явахдаа л интернэттэй байхыг хүсвэл Holafly, Airalo-г ашиглаж Хятадад ашиглаж болох дататай и-сим аваарай.
Урд хөршид очвол цаасан мөнгийг бараг л харахгүй болов уу. Бүгд л цахимаар тооцоо хийдэг. Үүнд мэдээж AliPay болон WeChat-ийг өргөнөөр ашигладаг. WeChat бол зөвхөн төлбөр тооцоо гэлтгүй энд дурдах бүх л чухал үйлчилгээг агуулсан супер апп гэдгийг уншигч та хэдийн мэдэх биз ээ. Харин AliPay бол зөвхөн төлбөр тооцоо хийх зориулалттай апп. Гэхдээ энэ хоёр аппт өөрийн төлбөрийн картаа холбох, цэнэглэх, шимтгэл төлөх, гүйлгээгээ хянах гээд багагүй чирэгдэл үүсдэг үү?
Тэгвэл танд UnionPay аппыг ашиглахыг зөвлөж байна. Энэ апп хэд хэдэн онцлог, давуу талтай:
- Хятадын “UnionPay International”-с гаргасан төлбөр тооцооны апп тул Хятадад ямар ч асуудалгүй ажилладаг,
- WeChat, AliPay-ийн QR кодыг уншдаг тул та хаана ч байсан төлбөр тооцоогоо хэрхэн хийх талаар санаа зоволтгүй. Такси, нийтийн тээвэр, гудамжны мухлагт хүртэл төлбөр тооцоогоо гар утсаараа хийх боломжтой,
- Голомт банкны UnionPay картыг энэ апп-д холбоод Хятадад төлбөр тооцоогоо хийхэд ямар ч шимтгэлгүй,
- “UnionPay International”-ийн хөнгөлөлтийн сүлжээнд багтдаг 60 гаруй сая дэлгүүр, худалдааны төв, зочид буудал, ресторанд төлбөр тооцоо хийгээд олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж болно.
Товчхондоо карт, бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй, гар утас тань байхад л хангалттай гэсэн үг. UnionPay аппд Голомт банкны UnionPay картыг холбох боломжтой бөгөөд хэрэв та картгүй бол энд дарж захиалаарай.
Хятадад үзэж, харах газар үнэхээр их. Тэр бүгдийн тасалбарыг авч, буудал, нислэгээ хямд үнээр захиалахыг хүсвэл Trip аппыг татаарай. Бээжингийн Universal Studio орох гэж байгаа бол Universal Studios Beijing аппыг мөн татах хэрэгтэй хувийн туршлагаасаа зөвлөе. Мөн Хятадын хаана ч очиж, юу ч хийсэн англиар ярьдаг хүн олоход хэцүү тул Google Translate аппаа татаж, Монгол-Хятад хэлний орчуулгыг интернэтгүй үед ч гэсэн ашиглах тохиргоог нь хийгээрэй. Мөн Pleco хэмээх толь бичгийг хятад хэлний хамгийн сайн, үнэ төлбөргүй толь хэмээдэг.
Таньж мэдэхгүй улсад нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг бол мөнхийн толгойны өвчин. Хятадын томоохон хотуудад метроны систем нэн сайн хөгжсөн тул Metro China Subway апптай байхад хүссэн газартаа бага үнээр, хурдан шуурхай очих боломжтой. Такси барья гэвэл англи хэлний сонголттой Didi аппыг санал болгоё. Харин газрын зураг гэвэл Baidu Maps, Gaode Maps гэсэн хоёр апптай байхад газардахгүй.
Урт өдрийн дараа буудлын тухлаг өрөөндөө хоол идэж, кино үзэж, дуу сонсох шиг жаргал хаана байх вэ? Netflix, Spotify, YouTube ажиллахгүй тул дуу сонсох бол QQMusic, кино үзэх бол iQiyi, хоол захиалах болох Sherpas аппыг санал болгож байна.
Таны аялалд амжилт хүсье.