|

Хөгжлийн банк Хөгжлийн уулзвар дээр

Судлаач Э.Торрес, Р.Зейдан нар “Үндэсний хөгжлийн банкны амьдралын мөчлөг: Бразилийн BNDES банкны туршлага” судалгааны бүтээлдээ “Хөгжлийн банкны амьдралын мөчлөг нь тухайн улсын аж үйлдвэржих, хөгжих процесст чухал ач холбогдолтой. Гэхдээ санхүүгийн зах зээл нь хөгжих тусам ач холбогдол нь буурч улмаар хөгжлийн банк нь хувьчлагдаж, эсвэл статусаа өөрчлөх хүртлээ урт хугацааны санхүүжилтийн шууд бус механизм байдлаар ажилладаг” гэж бичжээ. Харин Монгол Улсын Хөгжлийн банк 12 жил ажилласны эцэст дээр дурдсанаас огт өөр шалтгаанаар дампуурах дөхөв. Шалтгааныг нь бүгд мэдэж буй.

Хөгжлийн банк нь “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго, тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гэж тус банкны хуульд заасан. Хөгжлийн банкийг анх байгуулагдаж байхад “томоохон бүтээн байгуулалтыг бодит ажил хэрэг болгоход хүчирхэг банк санхүүгийн салбар, тэр дундаа Хөгжлийн банкны үүрэг нэн чухал” гэж тухайн үеийн эрх баригчид мэдэгдэж байв.

Өнгөрсөн 12 жилийн түүхийг товч дүгнэхэд Монгол улсын Хөгжлийн банк гадаад, дотоодын зах зээлээс хэд хэдэн удаа бонд амжилттай босгож гол үүргээ амжилттай хэрэгжүүлсэн ч санхүүжилт, зээл олголт, шийдвэр гаргалт, төсөл хөтөлбөрийн эрэмбэ, хуваарилалт, хяналт шалгалтын стандарт алдагдаж, улмаар их хэмжээний өр, зээлд баригдсан нь харагддаг. Хөгжлийн Банк  нь ийм тааруу менежмент, зохион байгуулалтаар удаан явах боломжгүй, нэг л өдөр “тэсрэх” нь тодорхой байв. Тэр цаг хугацаа нь 2022 оны нэгдүгээр сар байлаа.

 

Амжилт

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн мэдээллийг Гүйцэтгэх захирал Н.Мандуул 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, зээлийн багцын мэдээллийг мөн сарын 31-ний өдөр ил болгож, олон нийтэд мэдээлсэн. Тус банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийн багцад 2022 ондоо багтаан яаралтай арга хэмжээ авч байж банк тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх байсан. Эс бөгөөс Хөгжлийн банк эвгүйтэх, үйл ажиллагаа нь доголдох, улмаар даамжирвал гадаад бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй байх, Монгол Улс дефолт болох аюултай байлаа. Сангийн сайд Б.Жавхлан “Чанаргүй зээлтэй бүх боломжоороо тэмцэнэ” гэж мэдэгдсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зээлээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ эргэн төлөхгүй байгаа зээлдэгчдэд хариуцлага тооцохын тулд хууль, хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн. Тухайн үед нийт 3.2 их наядын зээлийн багцын 900 тэрбум нь төсвийн шинж чанартайгаар өмнөх онуудад төрийн өмчит ААН-дэд олгосон зээл байсан. Үүнээс 500 орчим тэрбум төгрөгийн зээл нь “Хөтөл” ХХК, “Кью эс си” ХХК-д хамаарах зээл, үлдсэн нь бусад хувийн хэвшилд олгосон зээл байв.

Сонирхолтой нь, чанаргүй зээлийн мэдээлэл ил болсноос ердөө 48 хоногийн дотор 78.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. Улмаар 2022 оны долоодугаар сар гэхэд зээлийн эргэн төлөлт 503 тэрбум төгрөг, мөн оны эцэст 1.1 их наяд төгрөгт хүрч, Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс аврагдав. Зээлийн эргэн төлөлт ийн сайжрахад олон хүчин зүйл нөлөөлсөн нь гарцаагүй. Юун түрүүнд тус банкны удирдлага, ажилтнуудын хүчин чармайлт, банкны цаашлаад улс орны эдийн засгийн хэвийн байдлыг хангах гэсэн санаачилга, зүтгэл нөлөөлсөн. Үүн дээр “Олон нийт, хэвлэл мэдээллийн шахалт шаардлага, Засгийн газрын дэмжлэг, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой байсан”-ыг Хөгжлийн банкны удирдлага онцолж байв. Зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгө, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө гэсэн төрлөөр хийж буй. Түүнчлэн зээлийг эргэн төлүүлэх, чанаргүй зээлийг хэвийн ангилалд шилжүүлэхийн тулд банкны зүгээс боломжтой төслүүдийг амилуулах, найдваргүй зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг хураахаас илүүтэйгээр эргэн төлөлтийг хангуулах зэрэг боломжит бүх хувилбарыг судалж, ажиллаж байна.

Хөгжлийн банкны өөр нэг онцлох амжилт бол олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож, зээлжих зэрэглэлээ B тогтвортой, B3 тогтвортой түвшинд хадгалж үлдсэн нь юм. “Ижил зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулбал гадаад хөрөнгийн зах зээлд манай үнэт цаасны өгөөж өндөр байгаа нь хөрөнгө оруулагчид илүү их итгэж байгааг илтгэлээ” гэж тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан онцолж байв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк улсынхаа нэрийг олон улсад хамгаалж чадсан, тэр хэрээр гадаад валютын орох урсгал нээлттэй хэвээр үлдсэн гэсэн үг.

 

Нөлөө

Хөгжлийн банк активын нэг их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй бол дотоодын зах зээлээс 219 тэрбум төгрөг, гадаад зах зээлээс 2.0 их наядтөгрөгийг бонд болон зээлийн эх үүсвэрээр татан төвлөрүүлж санхүүждэг. Өөрөөр хэлбэл, тус банк голдуу олон улсын зах зээлээс босгосон санхүүжилтээр улс орны хөгжлийг тэтгэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Тиймээс Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт муудах, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нь зөвхөн тус институц төдийгүй Монгол Улсын олон улс дахь нэр хүнд, зээлжих зэрэглэлтэй шууд холбоотой юм. Гадаадын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бид биелүүлэх ёстой. Энэ бол бизнесийн үндсэн зарчим, суурь харилцаа.

 

Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх хуваарьтай. Тус банкны хувьд зээлийн эргэн төлөлтөөрөө уг бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болж, өнгөрсөн онд Монголбанкны тусгай дансанд байршуулсан. Ингэснээр Хөгжлийн банк хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадлаа. “Самурай” бондын 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар 700 гаруй тэрбум төгрөг юм.
Түүнчлэн “Евро” бондын 500 сая ам.дол­ларын 80.0 орчим саяыг нь зээлийн эргэн төлөлтөөрөө худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, бондын үнэ хямд байх үеийг ашиглан худалдан авалт хийснээр  10 гаруй  сая ам.доллар хэмнэжээ. Төгрөгийн ханш уруудсаар байгаа энэ үед цагаа олсон оновчтой алхам болсон нь гарцаагүй.

Өндөр дүнтэй бондын төлбөрүүдийг ийн төлөх нь Хөгжлийн банк, Монгол Улсын нэр хүндээс гадна эдийн засагт ирэх байсан дарамтыг тэр хэмжээгээр бууруулж буй хэрэг юм. Зээл төлөгдөөгүй бол магадгүй улсын төсвөөс, тодруулбал иргэдийн татварын мөнгөөр эргэн төлөлтийг хийх эрсдэл үүсэх байсан билээ. “Хэрвээ Хөгжлийн банк гадна талдаа дефолт зарлавал улс орны эдийн засагт маш том сөрөг нөлөөтэй. Бид энэ жил төлөгдөх гадаад бондуудын эрсдэлийг бууруулж чадсан” гэж тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул дурдсан.

Нөгөөтэйгөөр, Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт сайжрах, хүнд байдлаас гарах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой тус институц цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах, зорилгоосоо няцалгүй, зогсолтгүй, тогтвортой урагшлахад эергээр нөлөөлөх юм.

 

Ирээдүй
Дээр дурдсанчлан Хөгжлийн банк энэ онд 500 сая ам.долларын “Евро” бондоос одоо 420 орчим саяыг нь төлөх ёстой. “Зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх замаар уг бондын төлбөрийг бүрдүүлнэ” гэж тус банкны Эрсдэлийн бодлогын газрын захирал З.Батырбек нэгэн ярилцлагадаа дурдсан. Цаашид Хөгжлийн банк сонгодог утгаараа ажиллаж, эдийн засгийн хөгжлийг дэмжигч хөдөлгүүрийн үүргээ гүйцэтгэхийн тулд дотоод, гадаад эрсдэлийг хаах ёстой. Тиймээс удирдлага, менежментийн олон асуудлыг шийдвэрлэх, цаашид банкаа шилэн болгох олон ажлыг хийж эхэлснээ Хөгжлийн банкны удирдлага онцолж байсан. Хөгжлийн банкны тухай хуульд оруулах өөрчлөлтийн саналыг ч тэд бэлтгээд буй.

Гадаад эрсдэл нь мэдээж улс төрийн нөлөө. Танил тал, нөлөө бүхий этгээдээр дамжуулж, мэдээлэлд ойр хүмүүс зээл авдаг байдлыг үгүй хийх нь чухал байна. Хууль зөрчин зээл авч, зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн зээлдэгч нарт хариуцлага хүлээлгэх нь үүнээс дутахааргүй чухал. Төрийн нэрийн өмнөөс зээл олгодог банкийг ямар механизмаар ажиллуулж, хянах вэ гэдгээ төр тодорхой болгох шаардлага бий.

Дэлхийн хөгжиж буй олон улс Хөгжлийн банк байгуулж, алдаж онож ирсэн. Амжилтад хүрсэн нь, дампуурч алга болсон нь ч бий. Харин бид энэ дуулианаас сургамж авч, Хөгжлийн банкаа жинхэнэ утгаар нь ажиллуулах чухал цаг үед ирээд байна. УИХ-ын Нээлттэй сонсгол ч олон нийтэд тус банкны алдаанаас гадна ач холбогдлыг нь илүү тодорхой ойлгуулж өглөө. Монголын нийгэм урагшилж, нэг шат ахихын тулд улс төрд, тогтолцоонд буй гашуун үнэнтэй нуур тулав. Үнэн мөнийг ойлгож, ухаарал авсан цагт урагшлах зам тодорхой харагдах учиртай.

Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл
Сэтгүүлийг бүрэн эхээр нь дараах линкээр уншаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *