Үлэг гүрвэлийг амилуулсан 3D үзүүлбэр, сор олдворын үзэсгэлэнг “Динозавр фестиваль”-д дэлгэнэ
Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан “Динозавр фестиваль”-ийг долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээ Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагийн Улалзах Цонж гэдэг газар болох юм байна.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, палеонтологийн шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Монгол Улсаас үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олдсоны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй аж.
Фестивалын үеэр:
Үлэг гүрвэлийн сор олдворын үзэсгэлэн
Олдворт газар дээр Палеонтологийн сонирхолтой лекц
Рой Чапмен Эндрюсийн судалгааны хөсөг “Тэмээн жингийн цуваа”
“Өсвөрийн палеонтологич” хүүхдэд зориулсан арга хэмжээ
Үлэг гүрвэлийг амилуулсан 3D үзүүлбэр
Үлэг гүрвэлийн сэдэвт сонирхолтой кино
Лазер болон Dj шоу
Үндэсний урлаг, хамтлаг, дуучдын тоглолт
Дино Маниа шоу зэрэг болох аж.
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Баянзаг нь 20-50 орчим метр өндөр эгц цавчим эрэгтэй. Монгол орны хамгийн том цавуудын нэг. Галын дөл мэт улаан хөрстэй. Энэ газарт говийн заг мод ихээр ургадаг учир Баянзаг хэмээн нэрийджээ.
Баянзаг орчим, Арц богд уулын урд хэсгийн уудам талд 10,000 жилийн өмнө хүн суурьшиж байсан дархны газрын үлдэгдэл, “Төгрөгийн ширээ”, “Хавцгайтын хадны сүг зураг” зэрэг түүхийн хосгүй үнэт өв хадгалагддаг газар юм.