Монгол тамирчид анх удаа “Mr.Olympia”-д өрсөлдлөө
Энэ сарын 10-13-ны хооронд бодибилдинг фитнесийн ноён оргил болох “Мистер Олимп” АНУ-ын Лас Вегас хотод болж өнгөрлөө.
60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Жо Вейдерийн нэрэмжит тус тэмцээнд Монголын хоёр тамирчин өрсөлдсөн юм.
Тодруулбал эрэгтэйчүүдийн “Physique” ангилалд А.Гантулга, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Уянга нар өрсөлдсөн байна.
Уламжлалт бодибилдинг тэмцээний бусад ангиллаас ялгаатай нь Men’s Physique ангиллын тамирчид тайзан дээрээ илүү энгийн, зөөлөн хөдөлгөөнтэйгөөр өөрийгөө харуулдаг.
Шүүгчид оролцогчдын тайзан дээрх байдал, өөртөө итгэлтэй болон үзэгчидтэй харьцах, байлдан дагуулах чадварыг нь харгалзан үздэг. Оролцогчид ихэвчлэн фитнесс загвар, хэвлэлд нийцэхүйц тодорхой хэмжээний сэтгэл татам, өөртөө итгэлтэй байдлыг харуулах ёстой аж.
Самсон Дауда 2024 оны мистерээр тодров
Энэ жилийн “Мистер Олимп”-ын үндсэн төрөлд 19 тамирчин өрсөлдсөнөөс нигерь гаралтай Их Британийн тамирчин Самсон Дауда шүүгчдээс хамгийн өндөр оноог авчээ. Ингэснээр шинэхэн аварга 600,000 ам.долларын шагнал хүртэж байна.
2014 оноос хойш бодибилдингээр хичээллэж буй С.Дауда өнгөрсөн жил гуравдугаар байрт орж байв.
Тэгвэл манай тамирчин А.Гантулгын өрсөлдсөн эрэгтэйчүүдийн “Physique” ангилалд Их Британийн Райан Терри аваргалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд “Мисс олимп”-оор АНУ-ын Андреа Шау тодорлоо.