Реппер Б.Гантулгад холбогдох хэргийг цагдаагаас хаах саналтай хүргүүлсэн ч, прокуророос сэргээн шалгаж магадгүй байна
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн “Залуучуудын асуудал xариуцсан” зөвлөx Сексцагаанбогд буюу рэппер Б.Гантулга нь бусдын биед халдсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн есдүгээр сар /2024.09/-д олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт, “Б.Гантулга байж болзошгүй нэгэн эрэгтэй газарт суусан эмэгтэй хүн рүү дайрч “хачин … гэртээ харь за юу. хүнээс илүү юм шиг битгий тэг за юу” зэргээр хараалын үг байгаа нь гардаг. Харин тус бичлэгийг хийж буй иргэн “эмэгтэй хүн зодож байна. Сексцагаанбогд байна” гэж ярьдаг.
Б.Гантулгад зодуулсан байж болзошгүй эмэгтэй нь түүний найз охин Н.Урин байсан гэдэг нь тодорхой болсон. Тэрбээр цахим сүлжээнд, “Б.Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан” гэж мэдэгдсэн.
Харин Б.Гантулгад холбогдох тус хэргийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хэрэг нээн шалгаж байсан юм.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс иргэн Б.Гантулгад холбогдох Зөрчлийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Харин прокуророос тус хэргийг сэргээн, Б.Гантулгад холбогдох тус хэргийг дахин шалгаж, түүнд Зөрчлийн арга хэмжээ тооцуулж магадгүй байгаа ажээ.