Өдөрт 700 сая төгрөгийн орлоготой “Гашуунсухайт”-ын замд  жилд 50 хүн амиа алддаг…

Тавантолгой нүүрсний бүлэг ордоос Гашуунсухайт боомт хүртэлх экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замын засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцуулах зорилгоор  Эрдэнэс Монгол ХК-ийн охин компани  “Гашуунсухайт Автозам” ХХК байгуулагдсан. Тус компани нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар арчлалт, замын хураамжийн орлого төвлөрүүлэлтийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг.

“Гашуунсухайт  Автозам” компанийн замаар өдөртөө 1400 гаруй автомашин дамжин өнгөрч байгаагийн дийлэнх нь буюу 98.5 хувь нь чиргүүлтэй том оврын машинууд. Тэвшний тооноос хамаарч нэг машинаас 250-500 хүртэлх мянган төгрөгийн хураамж авдаг аж. Ингээд тооцвол нэг өдөрт 700 гсая, сард дундажаар 20 орчим тэрбум, жилдээ 200 гаруй тэрбум төгрөг олж байна гэсэн үг.

Харин замаас олж байгаа их мөнгө хаашаа ороод байгааг шалгах цаг нь болжээ. Учир нь замын арчлалт, хамгаалалт хангалтгүй хэвээр,  нүүрсний замаар тээвэр хийж буй жолооч нарын машин техник эвдэрч, хүний амь эрсэдсээр  байна.

Нүүрсний замаар жин тээх жолооч нар амь насыг дэнчигнүүлдэг тус замыг уг нь хариуцсан компани,  дарга нар  байдаг ч ажил нь нэг л урагшилдаггүйн  шалтгаан нь  албан тушаалын давуу байдлаа ашиглаж  халаасаа зузаатгах хүсэлтэй үе үеийн дарга нараас улбаатай.

Тодруулбал  “Гашуунсухайт автозам”-ын захирлаар ажиллаж байсан Ж.Баянмөнх нь давуу эрхээ ашиглан “Чингис хаан” банкинд асар их хэмжээний мөнгө удаа дараа байршуулсан  нь тогтоогдож  АТГ-т шалгагдан, хэрэг нь прокурорт шилжсэн.

 Тиймээс түүнийг ажлаас нь чөлөөлж, З.Амарсанааг  томилсон ч тендер, худалдан авалт, төлбөр хураамжтай холбоотой асуудал  байсаар л.  Түүнтэй гар нийлж буй дараагийн албан тушаалтан нь “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр. Тэрээр өмнө нь  “Хөтөлийн цемент шохой” Төрийн өмчит компанид Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Ингэж ажиллахдаа сарын  8.000.000 төгрөгийн цалинтай  цайны мөнгөнд 2,3 сая төгрөг, шатахууны зардалд 2,2 сая төгрөгийг “Хөтөлийн цемент шохой” компаниас  тусад нь гаргуулаад зогсохгүй тус компанийг Улаанбаатар хотын төвд түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулсан нь мэдээлэгдэж байсан.  Тэд  автозамаас бүрдүүлж буй орлогыг хэрхэн зарцуулж  байгаа нь ч  тодорхой бус. Тэр бүү хэл замын засвар, арчлалттай холбоотой ажлуудыг тендергүйгээр  явуулж байгаа талаар мэдээлэл байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн автозамын засвар бусад ажлыг тендерээр гүйцэтгэдэг байсан бол одоо шууд гэрээгээр гүйцэтгэх болжээ. Ингэхдээ “Эрдэнэс Монгол” компаниас “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн замыг засах тендер зарлахаар хугацаа орж, хүний амь эрсдэж,  машин техник эвдэрч байна. Тиймээс үүнд аж ахуйн нэгж, компаниудтай гэрээ байгуулж, хурдан хугацаанд засварлана”  гэх шалтгаанаар тендер зарлахаа больжээ.

Шууд гэрээ бол  шууд “хулгай” боломж гэдгийг  Ногоон автобусны хэрэг, төмөр замаар нүүрс тээвэрлэх  гэрээнүүдтэй холбоотой хэрэг нотолсон. Алдагдалотай ажилладаг, засаглал тааруу компаниудад шалгалт оруулахаа  зарласан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Гашуунсухайт автозам”-д үүсээд байгаа асуудалд анхаарлаа хандуулна гэж найдаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *