“Т” картаа ашиглан Хонконгд төлбөр тооцоо хийх боломж нээгдэнэ

Үндэсний брэнд Т картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон Хонконг улсын EFT Solutions компани хооронд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Үндэсний брэнд Т картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан EMV/NFC технологид шилжүүлснээр олон улсад ашиглах техникийн боломж нээгдсэн бөгөөд улмаар Хонконг улсад Т картаар худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх, төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.

EFT Solutions компани нь 2004 онд үүсгэн байгуулагдсан ба 2016 онд Хонконгийн биржид бүртгэгдэж, цахим төлбөрийн системийн зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байна. Тус компаний гол үйл ажиллагаа нь EFT-POS терминал, программ хангамжийн хөгжүүлэлт, киоск, нийтийн тээвэр, QR код уншигч, өөрөө өөртөө үйлчлэх терминал зэрэг дагалдах төхөөрөмжийн хөгжүүлэлт, техникийн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд санхүүгийн гүйлгээний төлбөрийн гарцыг технологийн дэвшлийг ашиглан гүйцэтгэдэг.  

EFT Solutions нь Alipay төлбөрийн системийг Хятад улсаас гадна олон улсад нэвтрүүлсэн анхны компани бөгөөд бүх төрлийн төлбөрийн карт төлбөрт хүлээн авахаас гадна Wechat pay, Apple Pay, Samsung Pay, Google Pay зэрэг томоохон мобайл хэтэвчүүдийг төлбөрт хүлээн авдаг. Мөн Хонконгийн такси болон метронд ашиглах NFC карт хүлээн авах төслийг 2023 онд нэвтрүүлсэн Хонконгын хамгийн том төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани юм.

Ийнхүү Үндэсний брэнд Т картын нууцлал, аюулгүй байдлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр олон улсын зах зээлд гаргах боломжтой болсон төдийгүй төлбөрийн хялбар шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлбөрийн картыг мобайл хэтэвчинд бүртгэлжүүлж, гар утсаараа төлбөр тооцоо хийх ажлыг мөн эхлүүлээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *