“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах “Хэрлэн-Тооно” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ний зүгээс хариуцан ажиллаж байна.
Хэрлэн Тооно төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендер энэ оны 7 дугаар сард зарлагдаж тус тендерт “Монхидроконстракшн” ХХК шалгарсан. Өнөөдөр /2024.11.01/ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нар үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус төслийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг “Оюу Толгой” ХХК хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компани 1.7 жилийн хугацаанд ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөөд байна.