Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгалаа.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна.
Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тн, мидлингийн нөөц 175,006 тн, барьцалдуулагчийн нөөц 730 тн, шуудайны нөөц 383.1 сая ширхэг байна.
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана. 2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1567 МВт хүрэх таацтай байна.
Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ.
Улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өссөн байна.