УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан тасалсан сайд нарт хариуцлага тооцдог болно
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа энэхүү журмын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын холбогдох сайд нарын саналыг авч нэгтгэн, энэ өдрийн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр,
УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.20-д заасны дагуу гишүүн өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд оролцох бөгөөд хавсран гүйцэтгэж байгаа бусад албан үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг аль болох давхцуулахгүй байхаар төлөвлөн ажиллана гэсэн заалт орсон.
Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүд танхим дотроо мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, сөрөг байр суурьтай ч, хамтын шийдвэр гаргаад явсан болбол зарчмаа баримтах ёстой юм. Энэхүү агуулгаараа Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хууль, тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас асуулт асуухгүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8.8-д заасны дагуу хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалыг болон 36 дугаар зүйлийн 36.10-т заасан хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурь илэрхийлж, тайлбар өгч болох бөгөөд дэмжээгүй байр суурь илэрхийлэхгүй хэмээн журмын төсөлд тусгасан.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн байнгын дэд, түр хороо ажлын хэсгийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7-д заасны дагуу хариуцлага сануулгыг өгөхөөс гадна шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад түүний бүрэн эрхийнх нь дагуу тухайн сайдад хариуцлага тооцох саналыг хүргүүлэх талаар бас энэхүү журамд тусгалаа.
Хамгийн чухал нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч, нэгэнтээ Засгийн газрын гишүүний үүргийг албан хавсарч гүйцэтгэж байгаа бол үүрэг, хариуцлагаа ч хүлээх ёстой гэсэн агуулгаар журмын төсөлд тусгалаа гэв.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувийн саналаар баталлаа