Монгол Улсын сайд, Үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр Европын холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Европын Холбооны Элчин сайд хатагтай Ина Марчюлёните болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр: Хамтарсан Засгийн газар байгуулагдаад манай байгууллага Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем (DME–Design, Monitoring and Evaluation)-ийг нэвтрүүлэх асуудлыг судлан, санал боловсруулах, цаашид үнэлгээний цогц системийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг хангах чиглэл дээр илүү бодлого гарган ажиллах бодолтой байгаагаа дурдлаа.
Элчин сайд Ина Марчюлёните: Хяналт үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ хийнэ гэдэг бол маш чухал ажил юм. Европын Холбоо болон Европын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын хувьд Монгол улсад бизнесийн таатай орчин бүрдэх нь нэн их чухал юм гэдгийг онцлоод есдүгээр сард анх удаа Монгол-Европын бизнесийн форумыг зохион байгуулах гэж байна. Мөн бид ХЗДХЯ болон бусад төрийн байгууллагууд болон Засгийн газартай гэрээ төслийн ажлыг маш сайн хийж байгаа бөгөөд энэ нь Монголд болон Европын Холбооны улсуудад маш чухал юм. Энэхүү уулзалтуудаар яриа хэлэлцээрийн түвшингээс илүү бодитоор ажиллах болно гэлээ.
Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцлоо.