Бизнесээ өргөжүүлэх гэж төр рүү зүтгэдэг гишүүдийг дахин сонгохоо болъё
Манай улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа билээ.Тодруулбал, гуравхан жилийн хугацаанд аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлж жилд 20 сая хүртэлх жуулчинг татна гэдэг даацтайхан зорилтыг дэвшүүлээд буй. Үүндээ хүрэх эхний алхам нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны тавдугаар сарын 04-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар баталсан явдал байв.
Аялал жуулчлалын тухай хуулийг анх 2000 онд баталснаас хойш 23 жилийн дараа дахин “гар хүрч” шинэчилсэн нь энэ. Ийн салбарынхнаасаа нэлээд их “банга” хүртэж, удаан хугацаанд шүүмжлүүлсэн хууль “дахин төрлөө”. Гэхдээ бид энэ удаа тус хуулийн агуулгын тухай хөндөхгүй. Харин хувьдаа аялал жуулчлалын компанитай атлаа энэ хуулийг зүтгүүлэн, батлуулах кнопыг инээд алдан дарсан гишүүдийн тухай өгүүлэх юм. Ингэхдээ “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн UIH.mn сайт болон UIH.mn цахим хуудсанд байршуулсан нээлттэй өгөгдлийг ашиглан энэ нийтлэлээ бэлтгэв.
Эргэн сануулахад, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх санал хураалтад 49 гишүүн оролцсоноос 41 гишүүн дэмжиж, найман гишүүн татгалзсанаар уг хууль батлагдсан байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн 65 хүрэхгүй хувийн саналаар шинэчилсэн хууль батлагдсан нь дараах 10 гишүүнтэй хамааралтай.Учир нь энэ хуулийн төслийг батлахыг дэмжиж саналаа өгсөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар,Н.Наранбаатар, Ч.Ундрам, Б.Энх-Амгалан нар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас хувь эзэмшдэг.
Тиймээс тэд тус хуулийг батлахад дэмжих кноп дарсан нь ашиг сонирхлын томоохон зөрчил юм. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т “Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй” гэж заасан байдаг. Тэгвэл нэр дурдсан гишүүд, “давхар дээлтэй” сайд нар хууль зөрчин байж аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлуулсаны ард эдийн засгийн ямар их ашиг сонирхол байгааг олж илрүүлэхийн тулд тэдний хувь эзэмшдэг компаниудын тухай мэдээллийг шүүж үзсэн юм.
Аялал жуулчлалын тухай хуульд ашиг сонирхлын зөрчилтэй эхний хүн бол Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн юм.Түүний нийт орлого 114 сая, нийт хөрөнгө 370 сая гэж мэдүүлжээ. Бас 400 гаруй сая төгрөгийн хадгаламжтай тэрбээр 32 компанийн хувьцаа эзэмшдэг. Үүнийг нь олон нийт сайн мэднэ. Хамгийн олон компанийн хувьцаа эзэмшдэг гишүүн хэмээн хэвлэлүүд олон жилийн туршид бичиж буй. Түүний эдгээр компаниудаас “Хурд юнайтэд финанс”, “Түмэннайрамдал”, “Сауд гоби блейк гоулд” гэсэн гурван компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, “Хурд юнайтэд финанс” ХХК нь 2016 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Харин “Түмэннайрамдал”, “Сауд гоби блейк гоулд” компани нь 2010 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн агаад захирал нь Б.Чойжилсүрэнгийн эхнэр Дагийгийн Энхгэрэл юм. Эцсийн өмчлөгчөөр нь Б.Чойжилсүрэн бүртгэлтэй байна.
Дараагийн хүн бол Эрчим хүчний сайд асан, Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн юм. Тэрбээр 220 сая төгрөгийн орлоготой. Нийт хөрөнгийн үнэлгээ нь 640 сая, хадгаламж нь 33 сая төгрөг. Хөрөнгө оруулалтын тухайд “Ди Эл Өү” ХХК-н эзэмшигч, “Өег мебель” , “Цолмон хээр дэлгүүр” компанийн 50 хувийг эзэмшдэг. Эдгээрээс “Өег мебель” ХХК нь анх байгуулагдсан цагаасаа буюу 2006 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.Гүйцэтгэх захирлаар нь Нямдоржийн Отгонтуяа бүртгэлтэй байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ганзоригийн Тэмүүлэн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Тэрбээр “Евроконстракшн” ХХК, “TTEM” компанийг 100 хувь эзэмшдэг. Эдгээрээс “TTEM” компани нь 2011 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.Гүйцэтгэх захирлаар нь Сандагдоржийн Өлзийхутаг ажилладаг.
УИХ-ын гишүүн Ширнэнбандийн Адьшаа 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй.Тэрбээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Ш.Адьшаа гишүүн 11 компанийн хувь эзэмшдэгээс “Грэйтблю маунтайнс”, “Хүннү МН” компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тодруулбал, тэрбээр “Хүннү МН” компанийг 100 хувь, “Грэйтблю маунтайнс” компанийн 10 хувийг эзэмшдэг. Тэгвэл “Грэйтблю маунтайнс” компани нь 2007 онд байгуулагдсан агаад 2017 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Захирлаар нь Наранцэцэгийн Баярсайхан ажилладаг. Тус компани Хан-Уул дүүргийн 11-р хороонд 20 мянга орчим метрт квадрат талбай бүхий хоёр аялал жуулчлалын баазтай. Мөн “Хүннү МН” компани нь 2013 оноос аялал жуулчлалын салбараас орлого олж эхэлсэн байна. Энэ компанийн захирлаар Ядамсүрэнгийн Саранчимэг ажилладаг агаад тэрбээр “Грэйтблю маунтайнс” компанийн хувь эзэмшигч юм.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөр 510 сая төгрөгийн орлоготой, найман компанид хувь эзэмшдэг. Үүнээс “Тэспетролиум”, “Ойнбирж” компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, бид “Тэспетролиум” компанийг шатахуун түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн боддог ч энэ компани нь 2005 онооос аялал жуулчлалын салбараас орлого олж эхэлжээ. “Ойнбирж” нь “Тэспетролиум” компанийн охин компани бөгөөд 2021 оны хоёрдугаар сараас аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Дашрамд дурдахад, Б.Баттөмөр нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хэмээн МАН-аас зарласан билээ.
УИХ-ын гишүүн Лхагвагийн Мөнхбаатар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Тэрбээр “Бодиткапитал” компани, Эрдэнэс Тавантолгой ХК-д хувь эзэмшдэг. Эдгээрээс 100 хувийг эзэмшдэг “Бодиткапитал” компани нь 2013 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэх захирлаар нь Батаагийн Бурмаа ажилладаг.
УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Тэрбээр “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Сэрсэн говь” компанид хувь эзэмшдэг. Эдгээрээс УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар, түүний дүү Нанзадын Очгэрэл нарын эзэмшдэг “Сэрсэн говь” компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Сэрсэн говь” ХХК-д 60 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг олгосон нь батлагдаж хэвлэлээр нэг шуугьсан билээ. Үүний дараахан түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хэмээн МАН-аас зарласан билээ.
УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Тэрбээр “Дийзл транс” ХХК-ийн 30 хувь, “Малтикс” компанийн 50 хувь, “Хөнгөнбетон” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг. Үүнээс “Малтикс” компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн захирлаар Ч.Ундрамын нөхөр Баярхүүгийн Наранцацралт бүртгэлтэй бөгөөд 2015 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Бямбасүрэнгийн Энх-Амгалан 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Тэрбээр “Их Монгол Алтай” групп, Мишээл Экспо ХХК-д хувь эзэмшдэг. Үүнээс “Их Монгол Алтай” групп нь долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдагийн нэг нь аялал жуулчлал байна. Тус группийн эцсийн өмлөгчөөр Б.Энх-Амгалан өөрөө, гүйцэтгэх захирлаар нь Бямбацэрэнгийн Энхболд ажилладаг.
Эдгээрээс гишүүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Старкатеринг” компанид хувь эзэмшдэг. Тэрбээр Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаас татгалзсан. Гэхдээ хуулийн дагуу тэрбээр энэ салбараас ашиг олдог учир хуулийн хэлэлцүүлэгт оролцох ёсгүй байсан юм.
Шадар сайд С.Амарсайхан “Оюуны ундраа групп” компанид, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал “Грийн ланд групп” компанид хувь эзэмшдэг. С.Амарсайханы тухайд ах, дүүстэйгээ хамтран байгуулсан “Оюуны ундраа групп” компани нь 2012 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Харин “Грийн ланд групп” нь Н.Учралын аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг агаад 2007 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.Тэд хуулийн хэлэлцүүлэгт оролцоогүй ч ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй юу, тус өдөр чуулганаа тасалсан уу гэдэг нь тодорхой бус юм.
“Гүрдийж” ёс зүйгүй үйлдэл гаргаж, хууль зөрчсөн гишүүдийг дахин сонгохоо больё
Дээрх гишүүд нь аялал жуулчлалын салбар дахь үйл ажиллагаанаас орлого олж байгаа учир тус салбарт ашиг сонирхлын зөрчилтэй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т заасны дагуу энэ тухайгаа хуралдаан даргалагчид мэдэгдэж, Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэхэд санал хураалтад оролцохгүй байх хуулийн үүрэгтэй.
Мөн тус хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хуралдаан даргалагч нь хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүдээс түүнийг биелүүлэхийг шаардах, хуралдааны дэг зөрчигчид энэ хуульд заасан арга хэмжээ авах эрх, үүрэгтэй. Түүнчлэн гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох, хуралдаанд оролцох эрхийг хасна хэмээн тус хуульд заажээ.Гэсэн ч гишүүд хуулийн хэлэлцүүлэгт оролцохоос татгалзаагүй, хуралдаан даргалагч, УИХ-ын дарга нь шаардлага тавьдаггүй, өөрсдийн баталсан хуулиа зөрчиж байгаагаас үзвэл бизнесээ өргөжүүлэх гэж УИХ-ын гишүүн болдог уу гэсэн таамаглал байна.
Энэ талаар хуульч Л.Галбаатар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд УИХ-ын гишүүн хамаардаг. Энэ хуулийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж заасан. Тус хуулийн 7.2.4-т зааснаар ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх нь УИХ-ын даргын бүрэн эрхэд хамаарна. Монгол Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 105 дугаар тогтоолын хавсралтаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Энэ ёс зүйн дүрмийн 4.12-т “Хэлэлцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол гишүүн энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж, санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзана” гэж заасан” гэж ярив.
Тодруулбал, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10-р зүйлд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх үе шатыг дэлгэрэнгүй тусгажээ. Тус дүрмийн 11.1-т зааснаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэж ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын хариуцлага ногдуулна.
Үүнд сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна. Харин УИХ-ын Гишүүний ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар харьяаллын дагуу холбогдох байгууллагад албан бичгээр шилжүүлнэ гэсэн заалт бий.
Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хууль, дүрмийг хэрэгжүүлэхгүй “гүрдийж” ёс зүйгүй үйлдэл гаргаж, хууль зөрчсөн гишүүдийг дахин сонгохгүй байх нь бидний ирээдүйд маш чухал. Хууль зөрчсөнөө юу ч болоогүй мэт үзэж байгаа хүмүүс олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадна гэсэн баталгаа байхгүй. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд УИХ-д суух нь өөрөө хууль бус билээ.
УИХ хэн нэгний бизнесээ өргөжүүлдэг “талбар” болж хувирах нь
Үүнээс гадна Боловсролын тухай хуулийг авч үзвэл Аялал жуулчлалын тухай хуульд ашиг сонирхлын зөрчилтэй Б.Чойжилсүрэн мөн л боловсролын салбараас ашиг олдог учир тус хуулийг хэлэлцэхэд оролцох ёсгүй.Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь “Эрхий мэргэн цэцэрлэг” ХХК-д хувь эзэмшдэг юм. Мөн УИХ-ын гишүүн, Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ нь ”Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулагч гэдгийг бид мэднэ.Тэгвэл эдгээр гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалтад оролцохгүйгээр татгалзах ёстой.
Учир нь Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7.2-т “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө” хэмээн заасан байдаг.
Харин Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ хэмээн заажээ. Авлигын эсрэг хуулийн 4.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан багтдаг билээ.
Ийн бид энэ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар зарим иргэний байр суурийг сонслоо.
Иргэн Д.Оюунбаатар “Өөрсдийн ашиг олдог салбартай хамааралтай хуулийг дэмжих кноп дардаг гишүүдийг сонгосоор байгаад, үүнд хэн ч ямар нэгэн хариуцлага тооцохгүй байгааг үнэхээр их гайхдаг. Ийм байхаар улс төр хэдэн бизнесмэнүүдээр дүүрэх нь аргагүй гэж боддог.Ямар гишүүд ямар салбараас ашиг олдог, тэр салбарынхаа хуулийг яаж дэмжиж байгааг олон нийтэд сурталчилж, дахин сонгохгүй байхад анхаарах нь нэн чухал” гэв.
Харин иргэн Г.Сүрэнлхам “Хэрэв хуулийг дагаж мөрддөггүй, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүддээ хариуцлага тооцдоггүй энэ байдал цаашид хэвээр үргэлжилвэл бизнесийн салбарынхан улс төр рүү орж өөрсдөд ашигтай хууль баталдаг байдлаас бид гарч чадахгүй. УИХ гэдэг хэн нэгний бизнесээ өргөжүүлдэг “талбар” болж хувирах нь. Үүнд холбогдох газрууд болох АТГ, УИХ-ын дарга болоод бусад нь хүмүүс нь хариуцлага тооцоосой.Харин сонгогчдын зүгээс ийм “увайгүй” гишүүдийг сайн мэдэж аваад дахин сонгохгүй байх ёстой”гэж ярилаа.
Ийн бизнесээ өргөжүүлэх гэж л төр рүү зүтгэдэг, ашиг сонирхлын зөрчил гаргачхаад юу ч болоогүй мэт гэмгүй царайлан суудаг, ард түмний төлөө бус амин хувийн ашгийн төлөө л төрд ажилладаг хүмүүсийг дахин сонгохоо больё. Мэдээлэлд ойр байж, хэрсүү сонгогч байхыг уриалж байна.
Б.ДОЛЖИНЖАВ