Н.Учралын дуугаргасан урагшлах цагийн дохио
Эрчим хүчний реформ ярьж улс төрд гарч ирсэн Н.Цэнгүүн гишүүнтэй нас чацуу хэмээн шоглон ярьж буй ураны төслөө урагшлуулах, асар их баялгаа ашиглах монголчуудын туйлын хүсэл өнгөрөгч баасан гарагт биелэлээ олж, түүхэн үйл явдлын гэрч нь 3.5 сая монголчууд бид болов.Тэртээх 1998 оноос хойш буюу 27 жилийн турш үе, үеийн дарга сайд нарын ширээний нүдэнд мартагдаж байсан дуусдаггүй яриа, нээдэггүй хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал манлайлан барьж авч, хар цагаан хэл ам, гүтгэлэг доромжлол дундуур туучуулсаар батлуулж чадлаа. Түүнийг энэ хорвоогийн хамгийн нүгэлтэй улстөрч болгох гэсэн эрх ашиг энэ өдрүүдэд ямар ихээр явав аа. Гэвч залуу сайд галтай сэдвийг шүүрч чадсан эр зоригоороо тэр дундуур зоригтойхон туучаад гарчихав. Франц-Монголын Засгийн газар дунд зуу, зуун удаа яригддаг байсан ч авлига, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн гацаанд байсан уран ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын босго давж, сая л нэг ёсчлон батлагдсан энэ цаг хугацаа, энэхүү мессеж олон, олон хөрөнгө оруулагчдад итгэлийн гэрэл, эерэг мессеж болон очиж буй нь дамжиггүй билээ.
Монголчууд олон жил уран бол хор гэж итгэж ирсэн. Харанхуй бүдүүлэг, нэг улсаас эрчим хүч, шатахууны бүрэн хяналтад байлгах сонирхолтой хүмүүс хоёр толгойтой, арван хөлтэй ишигний тухай үлгэр ярьж, түүндээ ч гүн бат итгүүлж ирэв. Монголчуудыг монголоор нь намнуулж, талцуулж, хэрэлдүүлж ирсэн олон жилийн хэрүүл тэмцэл, мунхаглал энэ цагт ирээд дуусаж байгаад баярлаад ханашгүй. Ураныг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ хөдөлснөөр монголчуудын олон жил ярьсан баялагтаа эзэн байх, түүнээсээ ашиг хүртэх Үндсэн хуулийн 6.2 гэх заалт амь орох учиртай юм. Нөгөөтээгүүр, Оюутолгой, Тавантолгойг олон жил ярьж, талцсан Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ том төслүүд ярьж, ширээний ард том тоглогчийн дүрээр суух боломж бүрдэж байна.Монгол Улс баялгийн хараалд өртөж, урагшлах бус ухраах шийдвэр гаргаж байсан хорлонтой төр удирдагчдынхаа хар гайгаар олон удаа алдаатай шийдвэр гаргаж байсныг нуух аргагүй ээ. ОХУ-тай хамтран эзэмшдэг Эрдэнэт үйлдвэр, урд хөршийн дүүрэн ашиг сонирхол дундах Тавантолгойн бүлэг орд, Рио Тинто гэх хадны мангаад өгчихсөн Оюутолгой гээд энэ бүх төслүүд дунд Монгол Улс дандаа хохирогчийн дүртэй сууж байв. Халамж хэлбэрээр тараачихсан мөнгөө төлөх гэж нуруугаа авахуулсан морь шиг зүтгэдэг, хувь ашгаа хэзээ авах нь тодорхойгүй ордоос хэрчим ашиг горьдож байсан олон удаагийн алдааг Н.Учрал сайд энэхүү төсөлд харин давтсангүй. Өөрөөр хэлбэл, залуу улстөрч хамгийн галтай хийгээд, эрсдэлтэй төслийг барьж авахдаа Монголын ард түмэн хийгээд төр засгийн хүртэх ашиг юу байх вэ гэдгийг хамгийн эхэнд эрэмбэлж чадсанаараа улсдаа, ард түмэндээ өгөөжтэй, харилцан ашигтай, хамтран ажиллах төслийг батлуулж чадав.
Өөрөөр хэлбэл, ураны төсөлд монголчууд л давуу эрхтэй ажиллана. Монгол ажилчид давамгай байж 7-12 сая төгрөгийн цалинтай ажиллана. Гадны хэдхэн инженерүүд монгол ажилчдыг бэлтгэх үүрэгтэйгээр ирж ажиллах юм билээ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын явцад 60 хувь монгол ажилчид ажиллаж, цаашдаа төсөл жигдрээд ирэхээр 90 хувьд нь монгол хүн ажиллахаар төсөлд тохироо хийжээ. Монголын мэргэжилтнүүд өөрсдөө санхүүгийн модель загвараа боловсруулж, төр нь өрөнд орохгүй, ногдол ашгаа 30-40 жилээр хүлээж суухгүй байхаар буюу төсөл хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр алдагдалтай ажилласан ч Монгол Улс хөрөнгө оруулагч компаниар хөрөнгө гаргуулж, 51 хувийн үр өгөөжөө авах тохируулгыг хийж чадлаа. Уран байтугай уул уурхайн асуудлаар ямар ч ашиг сонирхолгүй залуу сайд Н.Учрал энд амин хувийн эрх ашгаа бус ард түмнээ бодсон шийдвэр гаргуулж чадсан байх юм. Тэр эх орныхоо баялгийг найр тавьж өгчихөөд гадаадад хаус авч зугтдаг сайд, дарга нараас тэс өөрөөр хэлэлцээрийн ширээний ард хэн, хэндээ хохиролгүйгээр хэрхэн сууж, хэлэлцэж болдгийг харуулав. Энэ бол хэтийдсэн магтаал огт биш.Монгол Улс өрөнд орохгүйгээр, нэг ч төгрөг гаргахгүйгээр үйлдвэр бариулж, ажилчдаа нийлүүлж, ашгаа хүртэж, цаашлаад цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох эхлэл суурийг ийнхүү баасан гарагт гурван намын хамтрал дундаас гаргаж чадлаа. Үндэсний баялгийн сангаа арвижуулах, дэлхий дахинд Монгол Улсын тухай эерэг мессеж болох, цаашлаад ураны салбарт гуравхан сая хүн амтай жижигхэн улс маань том тоглогч болох эхлэлийг тавилцахад гал дундуур сөрсөн Н.Учрал хийгээд түүний багийнханд, улс төрийн нэг намын удирдагч болох У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланд, эх орныхоо төлөө элдвийн эсэргүүцэл, тэмцэл дундуур туучиж эрс шулуухан зогссон эрдэмтэн, судлаачдадаа баярлалаа. Хоёр хөршийн дарамт, улс төр, эдийн засгийн олон эрх ашиг сонирхол дунд 28 жил гацсан төсөл гараанаас гарснаар дэлхийн тавцан дахь Монголын нэр хүнд өндөрт өргөгдөх нь ээ.
Алдаа хэрвээ байсан бол түүнийг нь цаг хугацаа шүүх хэдий ч асар хурдтай урагшилж буй дэлхийн хөгжил дэвшилд алхам дөхөж очих энэхүү дохиог зогсоох эрх ашиг дуусгавар болсон гэж найдъя. Монголчуудын өмнө сайн цагийг авчрах, эх орондоо дэлхийтэй адилхан цалин авч сайхан амьдрах боломжийг урагшлуулах эрх ашгаас улдан чангаах нэгэн дахин гарч ирэхгүй гэж найдъя. Үндэсний баялгийн сангаараа дамжуулан ашиг хүртэх энэхүү шинэчлэл өөрчлөлт мөнөөх л Н.Учралын барьж аваад явж буй Төрийн өмчит компаниудын шинэчлэлээр үргэлжлэх учиртай юм. Тэр хуулийн амин сүнс, шинэчлэл өөрчлөлт ямар эрх ашгийг хөндөж, хэний игзаар, эгдүүцлийг төрүүлж буйг дараагийн нийтлэлд хөндөх учраас энэ удаад түр орхиё. Уран бол хор биш. Уран бидний урагшлах цагийн дохио. Н.Учралын дуугаргасан энэ дохио Монголыг эрчим хүчний хараат байдлаас гаргах асар том боломж. Энэ дохио Монгол Улсыг тусгаар улс гэдгийг бүрэн дүүрэн нотолж, эдийн засгийн бяр тэнхээг ч илүү ихээр суулгах билээ.