Монгол, Туркийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх ажлын баг байгуулна

 Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газрын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан энэ сарын 15-16-нд боллоо.

Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдлвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын Засгийн газрын хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 1994 онд Анкара хотод болж байсан. Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан Хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд хоёр тал чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Худалдааны сайд Мехмет Муштай уулзаж, Монгол, Туркийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, энэ хүрээнд хоёр талын хамтарсан ажлын баг байгуулахаар боллоо.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын өргөн хүрээний асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа “МКЕ” Төрийн өмчит компанийн хооронд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.

Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататуркийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments