Олон улсын уран илтгэгчдийн тэмцээний цомыг Монгол бүсгүй гардан авчээ
Олон улсын уран илтгэгчийн тэмцээн энэ удаа 1000 гаруй жилийн түүхтэй Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага доор өнгөрсөн долоо хоногт болсон байна.
Эцсийн шатанд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 15 орны 127 авьяаслаг илтгэгч өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн Zezge Life and Love Coach нэрээр олноо танигдсан Пүрэвсүрэн овогтой Нямцэцэгийн герман хэл дээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байранд орж, цомын эзэн боллоо.
Энэхүү олон улсын уран илтгэгчдийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай юм.
П.Нямцэцэг илтгэлээ “Хайр гэж юу вэ, хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдэрч чадсан гэдэгтээ чи өөртөө бат итгэлтэй байна уу?” хэмээх асуултаар эхлүүлсэн агаад тэрбээр өөрийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн байна.
Хайр ба хариу нэхээгүй хайрт бүх хүн суралцах боломжтой гээд өөрийн болон бусдын амьдралд хайрын гэрэл түгээгч, аз жаргалтай амар амгалан ээж болсон тухайгаа үгийн хүч, сэтгэлийн хөдлөл биеийн хэлээр шүүгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж чаджээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч Жосуа Лауфер түүний илтгэл “үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл сэтгэлийг нь хөндөж, уран үгийн сангаар баяжуулж, амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ.
Zezge Life and Love Coach буюу П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх арга замыг сургалтаараа заадаг байна.
Мөн жил бүрийн арванхоёрдугаар сард “Уцаарын мацаг” сургалтынхаа хүрээнд хандив цуглуулан хэрэгцээт байгууллагуудад түгээдэг сайн үйлсийн аян хийдэг уламжлалтай юм.