Туул голд 90.000 зэвэг загасны жараахайг тавьжээ

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач доктор Б.Мэндсайхан, доктор Э.Болорцэцэг, магистр Д.Төмөрцоож нар шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг зориудын аргаар үржүүлж, нийт 90,000 жараахайг амжилттай бойжуулан Туул голд 2023 оны 07 сарын 02-ны өдөр тавилаа.

Шөвгөр хоншоорт зэвэгийн эх сүрэг барих хээрийн судалгааны ажил цас мөс бүрэн хайлаагүй хугацаа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-26-ны хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хужирт сумын Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар Орхон голд явагдсан.

Орхон голоос барьсан 46 ширхэг (21 эр атуух, 25 эм атуу) бодгалийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Туул-Баруунбаянгийн загас үржүүлгийн төвд зориулалтын эх сүрэг зөөвөрлөх сав, агааржуулагчийн тусламжтай зөөвөрлөн авчирч, тусгай өсгөвөрт үржүүлгийн ажлыг хийж гүйцэтгэв.

Орхон голоос эх сүрэг барих үеийн усны температур 3.5˚С, зориудын үржүүлэг явагдах үеийн усны температур 4˚С тус тус байв.


Шөвгөр хоншоорт зэвэг загас нь цэвэр усны индикатор бөгөөд голын урсгалын хурд ихтэй амьдрах орчинд тохиолддог тул лабораторийн орчинд тухайн нөхцөлийг бий болгож, байнгын хүчилтөрөгчөөр хангаж байх нь чухал.

Тиймээс түрснээс жараахай болох хугацаанд зохиомол усны урсгалыг цахилгаан насосын тусламжтай бий болгож, түүний хэвийн ажиллагааг 24 цагийн турш тогтмол хангаж, хяналт тавьж ажилласан. Мөн жараахайн амны аппарат бүрэн хөгжиж эхэлмэгц 2 цаг дутам хооллох шаардлагатай тул зориудын хоол, артем хавчны өндгийг лабораторид өсгөвөрлөн тэжээх, ойролцоох тогтоол уснаас шавж, хөвмөл амьтад цуглуулах зэргээр идэш тэжээлийг нь хангасан.

Зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх хүндхэн ажлыг гүйцэтгэхэд гар бие оролцсон магистр Б.Ганзориг, Ховд их сургуулийн оюутан Б.Алтансүх, Б.Загдсум, МУБИС-ийн оюутан Н.Цэлмэг, Г.Өнөрзул, ГГХ-ийн жолооч С.Батсайхан, Ё.Ганболд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн иргэд нартаа талархал илэрхийлье. Мөн энэхүү ажлыг санхүүжүүлэгч “Туул ижий сан”, дэмжиж ажилласан “Сая загас төсөл”, JCI Progress-ийн хамт олонд баярлалаа.




Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *