Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 19-23-нд Нью-Йорк хотноо ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох ба 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах” дээд түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэг, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Сүрьеэгийн асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Ирээдүйн асуудлаарх” дээд түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний бэлтгэл хуралдаан, “Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй асуудлаар өндөр дээд түвшний уулзалтууд болно.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцоно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *