Б.Цэнгэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт санхүүгийн иж бүрэн шалгалт оруулсан

“Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган үйлдвэрлэж эхлэх тухай хэлэлцүүлэг”-т Кью Эс Си компанийг оролцуулахгүй байгаа талаар тус компанийн захирал Э.Шижир мэдээлэл хийсэн. Улмаар уг асуудал болон Монгол Ган төслийг төр бие даан хэрэгжүүлж чадах эсэх асуудлаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээс байр суурийг нь тодрууллаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдаж буй төсөл цоо шинээр боловсруулсан төсөл юм уу. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шинэ удирдлагын баг очоод хоёр сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд боловсруулсан төсөл юм уу, өмнөх төслийн агуулга явж байгаа юу?

-Энэ бол олон жилийн судалгааны үр дүн гэж ойлгож болно. Өмнө төсөл хэрэгжүүлсэн компани энэ үйлдвэрийг барих судалгаа буюу техник эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тодорхой хэмжээнд ажиллаж байсан зүйл бий. Нэн ялангуяа Канадын мэргэжлийн байгууллагатай хамтраад судалгааны ажлуудыг нэлээн өргөн хүрээнд хийж байсан зүйлүүд бий. Энэ бүх өмнө хийж байсан судалгаанууд дээр үндэслэгдээд бид яг Монголд тохирох нэн ялангуяа Монголын нөхцөл байдалд тухайн бүс нутаг, тухайн дэд бүтцийн хүчин чадалд нь тулгуурласан, нөгөөтэйгүүр Монгол улсын хэрэгцээнд тулгуурласан ийм байдлаар техникийн шийдлийг гаргаж байгаа юм.

-Танилцуулга дээр дурдсанаар бол 507.3 сая америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байна шүү дээ. Энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр дээр шийдэл байгаа юу? Хэрэгжүүлж эхлэх үйл явцыг хурдан шуурхай хийж байгаа дүр зураг харагдаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй, эхлээгүй маш олон хүчин зүйл, шалтгаанууд байдаг юм билээ. Төр үнэхээр өндөр чадавхиар ажиллах юм уу. Энэ их мөнгийг хэрхэн босгох юм бэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хөрөнгө оруулалтыг нээлттэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл би ямар ч байсан ийм төрлийн үйлдвэр байх юм байна гэдгийг гаргаад ирье. Хэрэгжүүлэх сонирхолтой гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг бид урина. Хамгийн таатай нөхцөлтэй, нөхцөл тавих хөрөнгө оруулагчдаа Монголын төр хамтарч ажиллахад бэлэн. Яагаад гэвэл бүх зүйлийг төр хийх албагүй шүү дээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэр улсын төсөвт нэмэлт ачаалал бий болгохгүйгээр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий.

-Цаашид хэлэлцлийн ширээний ард суух сонирхол Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хэр байгаа вэ. Тухайлбал, тодорхой хэлвэл Кью Эс Си компанитай. Цоо шинэ компани оруулж ирэх сонирхол тань илүү байгаа юм уу?

-Нээлттэй гэж би ойлгож байгаа. Гэхдээ Кью Эс Си компанийн хувьд бид Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр санхүүгийн иж бүрэн шалгалт оруулсан. Үнэндээ 45 хоног том бүрэлдэхүүнтэй шалгалт хийгдээд дууслаа. Шалгалтын дүн нэгтгэгдэж байгаа. Энэ шалгалтын дүнгээр санхүүгийн нэлээн зөрчил, дутагдлууд гарсан тоо баримтууд ил болно байх гэж бодож байгаа. Ер нь бид 630 тэрбум төгрөгийн өр үүсгэснийг хүлээж авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр. Өр авлага ямар шалтгааны улмаас бий болов гэдэг асуудал бий. Тухайлбал нэг жишээ хэлэхэд Төмрийн хүдэр нийлүүлнэ гээд урьдчилсан байдлаар 20 гаруй компанитай гэрээ хийгээд мөнгийг нь урьдчилаад авчихсан байна шүү дээ. Тэр нь өөрөө 100 гаруй тэрбум төгрөг байна.

Гэтэл тэр мөнгө нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд ороогүй байх жишээтэй. Хоёрдугаарт татвар, нийгмийн даатгалд 120 гаруй тэрбум төгрөгийн өр үүсгэсэн байна. Дэс дараатай, асуудлыг учир зүйг олж байж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Өөр нэг асуудал нь энэ төсөл хэрэгжүүлэгч компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй тодорхой, хэмжээний машин механизм түрээслэх үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээсээ өөрсдөө нэмэлт орлого олж байсан. Энэ асуудлыг ч гэсэн бид нягтлах шаардлага байна. Эхлээд энэ асуудлаа нэг талд нь гаргаж, хэлэлцээрийн ширээний ард сууна гэдэг үүнтэй холбоотой. Хуулийн хүрээнд зөв, буруугаа нягтлах асуудал бий. Гэхдээ энэ бол тэр аж ахуй нэгжийг энэ төсөлд оролцох эрхийг нь хязгаарлана гэсэн үг биш.

-Таны ярианы өмнө бид Кью Эс Си компанийн захирал Э.Шижирээс тодруулсан. Энэ хэлэлцүүлэгт орох хүсэлтээ илэрхийлсэн байхад хүлээж аваагүй, танхимаас гарахыг хүсэж байна гэх байр суурийг илэрхийлсэн. Шалтгаан, шаардлага нь юу байсан юм бол?

-Тэрийг би мэдэхгүй байна. Нягтлая. Тодруулья.

-Тийм үндэслэл байхгүй биз дээ?

-Би нягтлая. Тийм үндэслэл байхгүй байх” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *