Иргэний зүгээс “Шинэ автобуснууд рекламын самбар боллоо” гэдэг гомдол гаргажээ
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэв
Нийтийн тээврийн бодлогын газар иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг тухай бүр нь хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. 2025 оны 3-р сарын 11-14-ний өдрүүдэд ирсэн гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал
- Иргэн: Хүүхдийн цүнх олж өгсөн автобусны жолоочид талархал илэрхийлье.
Иргэдийн гомдол ба шийдвэрлэлт
Иргэн Б: Улаанбаатар хотын шинэ автобуснууд рекламын самбар боллоо. Цонхыг хааж, хаяг, самбар наасан байна.
- Шийдвэрлэлт: Саналыг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлав.
Хан-Уул дүүргийн иргэн Ш.П: Хангарьд цогцолборын автобусны буудал дээр хаалганд хавчуулагдсан.
- Шийдвэрлэлт: 15-090 гарааш дугаартай автобусны жолооч болон гомдол гаргагчтай холбогдож, асуудлыг шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн иргэн Ө: Ч:38 чиглэлийн 05-291 гарааш дугаартай автобусны жолооч толь шүргээд, хэл амаар доромжилсон.
- Шийдвэрлэлт: Жолоочтой холбогдсон. Гомдол гаргагчид хариу өгөх гэтэл утсаа аваагүй.
Сүхбаатар дүүргийн иргэн Б: 1-070 гарааш дугаартай автобусны жолооч Ч:71 чиглэлд ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шахсан.
- Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад иргэн өөрөө 2-р эгнээнээс шахсан нь тогтоогдсон.
Иргэн Б: Ч:49 чиглэлийн автобусууд хоосон явж, буудал дээрээ зогсохгүй хүнээ авахгүй байна.
- Шийдвэрлэлт: Камерын бичлэгт автобусууд тогтоосон хуваарийн дагуу хүнээ авсан тул гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Баянзүрх дүүргийн иргэн Ё: 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолоочийн хэл амаар доромжлолд өртсөн.
- Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад гомдол гаргагч урд хаалгаар буух гэж сурагчдын өмнүүр дайрсан тул жолооч хойд хаалгаар буухыг шаардсан. Үүнээс болж үл ойлголцол үүссэн.
Иргэн: Ч:57 чиглэлийн 5-252 гарааш дугаартай автобусны жолооч улаан гэрлээр хоёр удаа орж, хурдтай явсан.
- Шийдвэрлэлт: Жолоочид анхааруулга өгч, “Сутайн буянт” ХХК-ийн диспетчерээр дамжуулан сануулга хүргүүлсэн.
Иргэн: Ч:7 чиглэлийн 14-006, 03-006 гарааш дугаартай автобуснууд Буянт-Ухаа спорт цогцолборын буудал дээр зогсолгүй явсан.
- Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад автобусууд буудлаас хүнээ авсан тул гомдол гаргагчийн мэдээлэл ташаа байв.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад таны оролцоо чухал
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал, гомдол чухал ач холбогдолтой. Үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.