Жүдочид Тбилисийг зорилоо
Олон улсын жүдо бөхийн холбоо “Их дуулга” ангиллын дөрөв дэх цуврал тэмцээнийг Гүржийн Тбилиси хотод энэ сарын 21-нд эхлүүлнэ.
Тус тэмцээнд 53 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь 2025 оны “Их дуулга” ангиллын тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтой нь болж байгаа юм. Өмнөх тэмцээнүүдэд Парисад 50, Бакуд 36, Ташкентад 23 орны тамирчид зодоглосон.
Манай улсаас тус тэмцээнд ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэй 11, эмэгтэй 9 тамирчин оролцоно. Эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёолк, Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.
Тбилисийн “Их дуулга” тэмцээний түүхэд манай улсын тамирчид амжилттай оролцож, 2021 онд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, гавьяат тамирчин Ц.Цогт-Очир нар алт, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байв. 2022 онд оролцоогүй ч 2023 онд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр түрүүлж, гавьяат тамирчин Ё.Басхүү, олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн нар мөнгө, Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил 12 тамирчин оролцсон ч медальгүй буцсан юм.