Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн үл ойлголцооноос болж бид олон боломжоо алдсан
Олон жил яригдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цариг, хил холболтын цэг, санхүүжилт, тэр дундаа улс төрийн тоглоом, эсэргүүцэл, олон хүний ашиг сонирхол зэрэг асуудлаас болоод гацсан төмөр замын ажлыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 25 тоннын даац бүхий төмөр зам, 16 гүүр, 126 хоолой тавьж, 8 малын гарц барих юм.
БНХАУ, Монгол Улсын хамтарсан компаниуд төмөр замаар нүүрс тээвэрлэх нарийн царигийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан байдаг. Одоогоор нарийн царигийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, Монголдоо шилжүүлэн ачих байгууламж баривал эдийн засгийн хувьд өгөөж нь үлдэнэ гэдгийг төслийн багийнхан тооцоолжээ.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнгөрсөн удаагийн ажлын хэсгийн уулзалтаар нэг зүйл дээр тохиролцсон байна. “Чайна Энержи”компани, Тавантолгой төмөр зам компани хамтарсан ажлын уулзалт ойрын хугацаанд хийх юм байна. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрээр ачааг хүлээж авч байгаа тал нүүрсийг шилжүүлж ачдаг журамтай. Гэхдээ хоёр тал тохиролцох нь чухал. Хамгийн гол нь тооцооллоо сайн хийж, БНХАУ-ын талтай ярилцан Монголын талд нарийн цариг байх уу эсвэл ганц мод руу өргөн цариг байх уу гэдгийг олон улсын ачаа харилцааны хэлэлцээрийн дагуу шийдэх шаардлага үүсч байгаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Гашуунсухайтын боомт улсын төсвийг бүрдүүлэхэд экспортын нүүрсний 55 хувь, зэсийн 60 орчим хувийг эзэлж байгаа юм. Олон жилийн өмнө яригдсан төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал шийдэгдэж чадаагүй 12 жил болж байна. Энэ хугацаанд барьсан далан нь байхгүй, үүнийг дагаад маш их хэмжээний үргүй зардал гарсан.
Алдаа нь техник технологийн юм уу эсвэл хоёр улсын асуудал огт байгаагүй. Гагцхүү тухайн үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр хамтарч ажиллаж чадаагүйн алдаа.
Хэрвээ 12 жилийн хугацаанд энэ төмөр замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж чадсан бол улсын төсөв 20 их наяд ч хүрэх бүрэн боломжтой байсан. Гашуунсухайт-Зүүнбаян төмөр замын асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын их хурлын дарга Г.Занданшатар нар нэгдмэл ойлголттой байснаас сүүлийн хоёр жилийн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажил урагшилж чадсан. Өнөөдрийн байдлаар 600 орчим км төмөр замын ажлыг гүйцэтгээд байна.
Цаашид илүү эрчимжүүлж, стратегийн ач холбогдол бүхий уг төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг уурхайн амнаас 50-60 ам.доллароор борлуулж байна. Хоёр өртөө, таван зөрлөгтэй төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Харин Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж буурч, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Түүнчлэн 1,900 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгнө гэж тооцож байгаа юм.