НДШ-ийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгажээ.
Тухайлбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд 9.5 хувьд хүргэхээр хуульчилсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн.
Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь тогтоох тухай хуулийн төсөлд тусгасан юм.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс тооцвол 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл, Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч, мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэхээр байгаа юм.
Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох аж.