Ипотекийн зээлийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ
Төв банкнаас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх ипотекийн зээлийн олголтын дүн мэдээг танилцууллаа.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 5 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн аж.
Өнгөрсөн 4 жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
Энэ сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилан, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөгийг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгож байгаа юм байна.
“Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ” гэв.