Нууц амрагаа удирдах албанд томилж, байрны зээлийг нь даржээ
Авлигатай тэмцэх газраас Авлигын хэрэг нэвтрүүлгийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд түгээв. Тухайн мэдээллээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлаар 2018 онд ажиллаж байсан этгээд нууц амрагаа удирдах албан тушаалд томилохын сацуу төрийн мөнгөөр 49 сая төгрөгөөр байрны зээлийг нь дарсан гэх хэргийг ил болгов.
Тухайн мэдээллийг байгууллагын дотроос нэрээ нууцалсан ажилтан шүгэл үлээн илчилжээ. Учир нь тухайн байгууллагад олон жил ажилласан ажилтнууд байрны тэтгэмж авч чадахгүй байхад ажилд ороод хэдэн сар болсон эмэгтэйд байрны тэтгэлэг үзүүлсэн нь ийнхүү ажилтнууд дунд яригдсан аж.
Мэдээллийн дагуу мөрдөгч шалгаж үзэхэд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан захирал нь дотно харилцаатай эмэгтэйг өндөр албан тушаалд томилоод зогсохгүй, хууль бусаар тэтгэмж олгосон нь илэрсэн байна.