Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны дөрөвдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 52 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 141 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 110 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй аж.

Түүнчлэн нийт 853 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 831 хэрэг шалгагдаж байгаа гэнэ. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн хоёр мэдэгдэл, нэг хууль хэрэгжүүлж ажиллах албан бичиг бичиж холбогдох байгууллагад хүргүүлж нийт долоон объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн удирдах албан тушаалтан “Э”, “Ү” нар нь өөртөө болон бусдад хууль бусаар эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод 20,327,964 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “М” нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Б”-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч “З” нь эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тухайн хэргийн яллагдагч “С”-ээр бусдаас зээлсэн төлбөр болох 5.000.000 төгрөгийг төлүүлж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, бусдын эд хөрөнгийн эрхийг завшсан гэх;
  • Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч “Н”, Авто замын шалган нэвтрүүлэх боомтын заставын дарга “Б” нар нь  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь “Бүти” ХХК-ний захирал “Б” нарт холбогдох хэргийг шийдвэрлүүлэхэд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч “Г”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Э”-ээр дамжуулан 2016 онд 2,500,0000 төгрөгийн хахууль өгсөн гэх;

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг хангах хүрээнд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *