“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнийн 155 сая мод тарих санаачилга гаргав
Ойн салбарын үндэсний чуулган дөрөв дэх өдрөө “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь” салбар хуралдаанаар үргэлжилж байна.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих модны 40 хувьд агро-ойжуулалтыг хөгжүүлэх санал гаргаж байгааг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал доктор, профессор А.Буянбаатар хэллээ.
Эрдэмтдийн гаргаж байгаа уг саналын дагуу агро-ойжуулалтад тариалах модны 155 сая нь жимс, жимсгэнийн мод байх тооцоолол хийжээ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг тэрбумаар тоологдох мод таригдвал жилд 480 сая.тн CO2-г шингээхээс гадна дараах эдийн засаг, экологийн эерэг үр дүнг дагуулах нь.
- Нэг модноос 5 кг жимс авна гэж үзвэл 775 мян.тн ургац хурааж 5.7 их наяд төгрөгийн орлого олох боломжтой.
- Цөлжилтөд хүчтэй өртсөн талбайн 4.4 хувь, нэн хүчтэй өртсөн талбайн 2.7 хувийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна.
Агро-ойжуулалтыг амжилттай хийсэн улс орнуудын туршлага байдгийг А.Буянбаатар доктор хэлж байв. Тухайлбал, БНХАУ 1978 оноос мод тарих ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд 4 сая.га талбайд ойжуулалт хийжээ. Үүний 98 хувь нь агро-ой юм байна. АНУ-д 1996 онд агро-ойжуулалтын агентлаг байгуулагдсан. Тус агентлаг нь бэлчээрийн тархацтай модоор ойжуулах, малын тэжээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, таримал ойн нөмрөг доорх ХАА-н бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулдаг байна.
Манай улсын хувьд Өмнөговь аймагт “Агро-ойн парк” сургалт судалгаа, үйлдвэрлэлийн төвийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус төвийн талбайд төрөл бүрийн модноос гадна, 20 гаруй төрлийн хүнсний ногоо, 10 гаруй төрлийн эмийн ургамал, малын тэжээл зэргийг амжилттай тариалан, туршиж байгаа аж.