НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажлын байран дээр архидсан гэдэг үндэслэлээр 3 хүнийг ажлаас халжээ
НЭМГ–ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан мэдэгдэлд НЭМГ–ын ажилтан Г.Бурмаа, Д.Нарантуул нар хариу тайлбар хийлээ.
НЭМГ–ын ажилтан Д.Нарантуул “2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр ажлын байрандаа архидан согтуурсан гэдэг үндэслэлээр 3 ажилтнаа халлаа гэсэн мэдээллийг Б.Бямбадорж дарга өөрөө хийсэн. Энэ ор үндэсгүй гүжирдлэгийн тушаалаа өөрөө гаргачхаад хэвлэл мэдээлэлд яаран цацан байгууллагынхаа дотоод үйл ажиллагаа, төрийн албаны нэр хүнд нэн ялангуяа цар тахлын хүнд үед Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унагааж төрийн албан хаагчдын эсрэг нийгмийг турхирах ажлыг явуулж байна.
Б.Бямбадорж даргын өөрийнх нь эрх ашигт нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа. Бид төрийн жинхэнэ албан хаагчид, хууль тогтоомжоо дээдэлдэг, захирах, захирагдах зарчмаа баримталдаг ёс зүйн дүрмээ мөрддөг хүмүүс юм. Ажил дээрээ архидаад суух ёс зүй бидэнд хэзээ ч байхгүй” гэв.
НЭМГ–ын ажилтан Г.Бурмаа “Б.Бямбадорж дарга өөрөө гаргасан тушаалынхаа дагуу хэвлэл мэдээлэлд яриа өгөхдөө “Ажилчдаа ажлын байран дээрээ согтуу байсан, авилгачид” гэж цоллож өгсөн. Бид нар энэ хүнээр гүтгүүлж, доромжлуулж мөн дээрээс нь ажлаасаа халагдсандаа гомдолтой байгаа учир зайлшгүй хариу тайлбар хийх хэрэгтэй болсон.
Аль ч байгууллагын аль ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийг дандаа харддаг. Нийгэм даяараа хардаж, сэрддэг. Би энэ ажлыг хийгээд 3 жил болж байна. Ямар нэгэн байдлаар бусармаг үйлдэл хийгээгүй. Б.Бямбадорж дарга ч олж хараагүй болохоороо намайг худал гүжирдэж халсан.
Манай НЭМГ олон чадварлаг албан хаагч зөндөө байгаа. Гэтэл Б.Бямбадорж дарга тэр хүмүүсээс томилдоггүй гаднаас хүмүүс авчирч байгууллагын нэр хүндийг унагаадаг” гэлээ.
Харин НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хүнд цаг үед зарим албан хаагч зохисгүй үйлдэл гаргасан асуудал үүслээ. Тодруулбал, ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ шийдвэр зарим хүнд таалагдахгүй байх, үүнээс үүдэн нийгэмд буруу ойлголт төрүүлэх асуудлууд үүсэж байна” гэх байр суурь илэрхийлжээ.