Улаанбаатар хэзээ хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй хот болох вэ?
Улаанбаатар хот. Өвлийн улиралд “Утаанбаатар” хэмээх “цол” зүүдэг. Монгол хэмээх улсын хүн амын тал хувь нь энэ хотод амьдардаг. БНХАУ, ОХУ хэмээх хоёр том гүрний дунд оршдог учир геополитик талаасаа дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын нэг гэдгээр нь Улаанбаатарыг олон улс мэднэ.
Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байна. Үүнд дэлхий нийтийн санаа ихээхэн зовдог учир агаарын бохирдлыг бууруулах тэр дундаа агаарын бохирдлын хор нөлөөнөөс хүүхдүүдийг хамгаалах чиглэлд олон улсын байгууллагууд онцгой анхааран ажилладаг.
Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь гэр хороолол буюу түүхий нүүрсээр галладаг зуухнууд хэмээн үздэг. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрс түлэхийг хориглон сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Гэсэн ч нүдэнд харагдах үр дүн гараагүй. Тиймээс энэ өвлөөс сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг хагас коксоор сольж дахин шинэ туршилтийг хийх гэж буй. Энэ туршилт амжилттай боллоо ч агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй болтол багасахгүй нь хэн хүнд ойлгомжтой. Тэр дундаа агаарын бохирдлын улмаас хамгийн их хохирол амсч, олон төрлийн өвчинд “ороогдож, амь насаа ч алдахад хүрдэг нь бяцхан хүүхдүүд байдаг.
Агаарын бохирдлын бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг олон судалгаагаар тогтоосон. Тухайлбал, үндэсний хэмжээнд тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа ордог. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины эрүүл байдлыг хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байна. Ийн агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдсаар байгаа нь гашуун үнэн.
Үүнээс гадна агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсвэл эндэх гэсэн асар олон асуудал үүссээр байна.
Үүсээд буй энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Хэдийгээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийслэлийн агаарын бохирдлын гол бүрдүүлэгч тоосонцрын агууламжийг бууруулж чадсан ч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна. Цаашид орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд сэргээгдэх эрчим хүч ашиглах, байгальд ээлтэй, зохистой, ногоон барилга, ногоон ажлын байр олноор бий болгож амьжиргааг сайжруулж, төвлөрлийг сааруулах зэргээр эдийн засаг, нийгмийн асуудлууд, технологийн дэвшлийг цогцоор авч үзэх шаардлага гарч байна” гэж ярилаа.
НЭМҮТ-ээс хийсэн Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаанаас харвал агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд, зүрх судасны эмгэгийн 20 хувьд, уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтын 29 хувьд, уушгины хавдрын 40 хувьд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мөн нийслэлийн хүн амын нас баралтын ес хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэйг тогтоосон байна.
Тэгвэл бид агаарын бохирдлыг бууруулахын төлөө юу хийж чадах вэ. Дан ганц Засгийн газар биш иргэдийн оролцоо ямар ч асуудлыг шийдвэрлэхэд хамгийн чухал байдаг.
Энэ талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Агаарын бохирдол аливаа өвчний хүндрэл, эдгэхгүй удах, мөн амьдралын дадал хэвшилд ч нөлөөлнө. Тиймээс гадаа ажиллахдаа, гадуур явахдаа агаарын бохирдолд өртөх өртөлтөө бууруулах арга замыг мэдэх, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Үүнд, амны хаалт хэрэглэх, тамхи татахгүй байх, амралтаа зөв зохицуулах, гараа тогтмол угаах, хоол унд, хувцасаа тохируулах зэрэг орно. Мөн PM 2.5 тоосонцор шүүдэг амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэж сурах зайлшгүй шаардлагатай” гэв.
Түүнчлэн ханиад, томуу, хатгааны хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн улирлын томуугийн болон хатгааны вакциныг хийлгэх, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжих нь тустай. Хамгийн энгийн дадал болох гараа тогтмол угаах дадлыг хэвшүүлэх, хүүхдийг 21:00 цагаас өмнө унтуулж сургах, амны эрүүл ахуйг сахих шаардлагатай. Мөн гэрээ дулаалах, зуух яндангаа сайжруулах зэргээр өөрсдөөс хамаарах бүх зүйлсийг хийх хэрэгтэй. Энэ бол бохирдлыг бууруулах, өөрсдийгөө хамгаалахад чиглэсэн наад захын арга хэмжээ юм.