“Атар өргөө” ХК-ийн удирдлагуудын хууль бус үйлдэлтэй тэмцэхээр ТҮР ХОРОО байгуулжээ

“Атар өргөө”  хувьцаат компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани. Гэтэл тус компанийн удирдлагууд  компанийн хэлбэрийг өөрчилж  хариуцлагатай хувьцаа  компани болгохоор улайрах, жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаа больж, Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалт бусаар зарцуулах зэргээр    хууль зөрчсөн ноцтой  үйлдэл гаргах болсон тул тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэн  Түр хороо байгуулжээ.

Тодруулбал “Атар өргөө” ХК нь сүүлийн жилүүдэд ногдол ашиг тараахаа больж, компанийг ашиггүй ажилласан мэтээр тайлан гарган, зориудаар дампууруулах үйл явцыг зохион байгуулж, хуйвалдсан гэж үзэж буй. 

Хамгийн ноцтой нь  одоогийн удирдлагууд “Атар өргөө” ХК-ийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/  болгож өөрчлөхөөр  санаархаж эхэлжээ. Тэд компанийн хэлбэрийг  өөрчлөх асуудлаар  хурал зарласан  боловч Санхүүгийн зохицуулах хорооноос хурлыг цуцлах,  зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн байна. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны хууль ёсны  даалгаврыг  үл тоон дахин хурал зарласан байна.

Түүнчлэн “Атар өргөө” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Бэрэн групп”   Хөгжлийн Банкнаас авсан зээлээ зориулалт  бусаар зарцуулсан нь “Атар өргөө” компанийн  үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.  “Бэрэн групп” Хөгжлийн банкнаас  арматурын үйлдвэрт зарцуулна  хэмээн хоёр  удаа зээл авахдаа  “Атар өргөө” зэрэг ХК руу 5,7 сая ам.доллар, хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд 1,5 сая ам.доллар шилжүүлж, нийт 7,2 сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь ил болсон юм.

Энэ мэт  үйлдэл нь хувьцаа эзэмшигчдийг үл тоосон, хүнд нөхцөл байдалд оруулах шалтгаан  болсон тул  Түр хорооныхон  Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж, мэдээллийг  нэгтгэн гаргаж өгөхөөр нэгдсэн нь энэ аж. 

Түр хороо нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, Гүйцэтгэх удирдлагуудын хууль бус үйлдэлтэй тэмцэхээ илэрхийллээ. Мөн “Атар өргөө” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийг эрх ашгаа хамгаалах, компанийг хүнд байдлаас гаргах  тэмцэлд  нэгдэхийг уриалсан юм. Тэдэнд   компанийн одоогийн удирдлагууудын олон удаагийн хууль бус үйлдлийг гэрчлэх  нотлох баримтууд байгаа аж. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *