“Ачаалалтай бүсэд цахилгааны гэнэтийн хязгаарлалт хийж байгаа”
Өчигдөр 18:00 цагийн орчимд Улаанбаатар хотын төвийн зарим газар, Таван шар орчимд тог тасарчээ.
Нийслэлд цахилгаан хязгаарлах хуваарийг өдөр бүр УБЦТС ТӨХК-аас мэдээлж байсан ч сүүлийн өдрүүдэд мэдээлэхээ болиод байгаа юм.
Иймээс цахилгаан хязгаарлах хуваарь гарахаа больсон эсэх болон зарим газар урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэт цахилгаан хязгаарлаж буй шалтгааныг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-ийн холбогдох хүмүүсээс тодруулахад “Одоогоор дахин цахилгаан хязгаарлах шинэчлэгдсэн албан ёсны хуваарь гараагүй байна. Нэгдүгээр сард хуваарь дээр төлөвлөгдсөн хязгаарлалт хийгээд дууссан. Одоо бол ганц хоёр ачаалалтай бүсүүдэд горимын ачааллыг хөнгөлөх үүднээс хаяадаа гэнэт гэнэт хязгаарлалт хийж байна. Өөрөөр хэлбэл хязгаарлалт хий гэсэн үүрэг даалгавар гэнэт ирж байгаа. Төлөвлөгөөт ганц нэг газруудад хязгаарлахаас өмнө мессэж илгээж амждаг. Гэнэтийн ачааллын үед мессэж явуулах боломжгүй, нэг цагийн хязгаарлалт хийж байна” гэв.