“Хасу Шивэрт” сувилалд нас барсан эмчийн хэрэг дээр шинжээчийн баг томилжээ
Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас өнгөрсөн оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө нас барсан байдалтай олсон.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Цагдаагийн байгууллагад 2022 оны долдугаар сарын 9-ний өдөр “Хасу Шивэрт” рашаан сувиллын газарт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирж, Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулан, аймгийн шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт гарсан. Одоо харьяалал тогтоосон мөрдөн байцаах албаны ажлын хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байна.Анхны шүүхийн шинжилгээг дахин хийлгэх хүсэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тавьсны дагуу гурван эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан учир ЭМЯ-наас тав, Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас хоёр гээд долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг томилсон. Шинжээчид холбогдох материалуудтай танилцан дахин шинжилгээ хийхээр ажиллаж байна” гэв.