ЭЕРЭГ: Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн U23 буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрэгтэй -57 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Б.Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Украины Хеорхи Казанжыг 9-2 харьцаагаар, шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13-2 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Арменийн Манвел Хнжрцянд 13-3 харьцаагаар өвдөг шороодсон.
Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стешелийг 7-5 харьцаагаар ялснаар медалийн тавцанд зогссон байна. 2018 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцсон 21 настай Б.Мөнх-Эрдэнэ энэ оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас 7-р байр эзэлж байв.