Гэрээр эмчлүүлэх нэг хүний зардал 90 мянган төгрөгөөр өслөө
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусна.
Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтааж, хөнгөлөлт эдлэх боломж олгосон тушаалууд гаргаад явж байна. Ковидын үед шинэчлэгдсэн тарифын журмууд гарсан. Өмнө нь нэг хүний тариф 4 сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон. Үүнд бүх эмчилгээ эм нь багтсан байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70 мянгаас 160 мянга болж нэмэгдсэн. Үүнд арбидол зэрэг эм багтсан.” гэжээ.