|

Архангай аймагт 14 хоног хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Архангай аймагт коронавируст халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул зургаадугаар сарын 28-ны 07:00 цагаас долдугаар сарын 10-н хүртэл аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжихээр болжээ.

Энэ тухай аймгийн Засаг даргын захирамжид “Улсын Онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 07:00 цагаас 7 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд шилжүүлж, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг агентлаг байгууллагын удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймаг, сум хоорондын хяналтын постоор зөвшөөрөгдсөнөөс бусад хүн болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх зөвшөөрөгдсөн хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе, цайны газар, караоке, рашаан сувилал, амралт жуулчны баазын үйл ажиллагаа, зочид буудал, бялдаржуулах төв, фитнесс, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан, маникюр, алжаал тайлах төв, таксины үйлчилгээг хориглож, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

4. Банк, хүнсний худалдаа эрхэлдэг газруудын ажиллах цагийн хуваарийг өдрийн 10:00 цагаас 18:00 цаг хүртэл тогтоов.

5. Иргэдийг эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөнд оролцуулах бусад хөдөлгөөнийг хязгаарлаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг нийт иргэдэд уриалж байна.

6. Аймаг, сумаас хот хооронд болон аймаг сумын хооронд тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг зогсоож зөвхөн тусгай шаардлагын дагуу буяны ажил /нас барсны гэрчилгээ зөвхөн өөрийн эцэг, эх, төрсөн ах, дүү нараас 2-3 хүн оролцох/,  Эрүүл мэндийн шалтгаан /А13/ маягттай, хүнсний ачаа татан авалт /3 тонноос дээш байгууллага аж ахуй гэрчилгээ, аймгийн төвөөс QR код авч хөдөлгөөнд оролцох, Шатахуун тээвэр /нийлүүлэх байгууллага аж ахуй нэгжийн гэрээг, албан бичгийн үндэслэн нэвтрүүлэх/ албан томилолттой /Тухайн байгууллагын томилолт, удирдамжийг үндэслэн/, мөн Улаанбаатар хот, гадны голомттой аймаг орон нутгийн иргэдээс  бусад иргэдийг тусгай горимын дагуу, дамжин өнгөрүүлэхийг  зөвшөөрөв.

7. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн арга хэмжээ хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, баяр наадам хийх, сургалт зохион байгуулах соёл, урлагийн уралдаан тэмцээн, аялал, зугаалга хийх, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт  төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг байгууллагын дарга удирдлагуудад, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

8. Эрчим хүч, дулаан, усаар хангах, барилга, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, Эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг тусгай горимоор ажиллуулах бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 10 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав.

9. Аймгийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах  иргэн аж ахуй нэгж, байгууллагын ажилтан алба хаагчдыг тодорхой маршрутын дагуу тухайн байгууллагын үнэмлэх, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор авто замын зорчих хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

10.  Захирамжийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны багийн ахлагч, Боловсрол, соёл урлагийн газрын дарга (З.Мөнхтогтох), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол), Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа), хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болголоо.

11. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд зохих хууль ёсны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

12. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн 332 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцов.

13. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга (В.Мөнхбат)-д даалгав” гэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *