Мутацлагдсан вирус бүртгэгдсэн улсаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана
УОК-ын даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна.
Үүнд:
- Гадаад улсаас ирж байгаа Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй болон вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд долоо хоног тусгаарлаж, зургаа дахь хоногт PCR шинжилгээ авна.
- Эрүүл мэндийн яамнаас “Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт”-ыг тухай бүр гаргах бөгөөд тус жагсаалтад дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин суусан эсвэл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг вакцин хийлгэсэн эсэх болон коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн үгүйгээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлана. Ингэхдээ зургаа болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн хоногийн ажиглалтад шилжүүлнэ. Гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
- Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
- Ковид19-ийн эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлахгүй бөгөөд гэрийн долоо хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
- Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор Ковид19-ийн PCR шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ.