“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хогоо ангилж хаядаг боллоо
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь Олон улсын стандартын дагуу хог ангилдаг нийт 120 литрийн багтаамжтай, 4 өнгийн 100 хос 400 ширхэг хогийн савыг бэлдэж байршууллаа. Ингэснээр өмнө нь ямар ч ангилан ялгалт хийхгүй нэгдмэл байдлаар зөөвөрлөн хаяхаа больж байгаль экологид ээлтэй хандах эхлэлийг тавьж байна гэсэн үг. Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан уриалга, аяныг дэмжиж манлайлан оролцож байна.
Улаанбаатар хотын нэг жилийн хогны хэмжээ 1,1 сая тонн. Энэ нь 2012 онтой харьцуулахад 83 хувиар өссөн тоон үзүүлэлт. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд жилд 250-300 тонн хог хаягдал гаргадаг. Үүнээс 176 тонн нь Зуны 3 сард гарч, ямар ч боловсруулалтгүйгээр хаягддаг. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамгийн ачаалал ихтэй, хүн ихээр цуглардаг зуны улиралд зөвхөн нэг өдөрт л гэхэд 12-15 мянга, харин хүйтний улиралд 6-9 мянган хүн ирж үйлчлүүлдэг.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хамгийн ихээр төвлөрдөг хог гэвэл хуванцар буюу бүх төрлийн ундааны сав, лааз, гялгар уут, нэг удаагийн хоолны сав, цаасан хайрцаг гэх мэт байгальд задрах явц нь хамгийн удаан биетүүд байдаг. Өөрөөр хэлбэл, талбайгаас гарч байгаа хог хаягдлын 60 хувь нь хуванцар, 25 хувь бусад хог хаягдал, 15 хувь нь шил лааз байдаг. Энэ нь 75 хувь нь дахин боловсруулах боломжтой гэсэн үг юм. Мөн ногоон байгууламжийн ажилчдын ажлын ачааллыг жилийн 4 улирлын турш өдөр бүр хог цэвэрлэгээний ажил нэмэгдүүлдэг байсан.
Харин ийнхүү богино хугацаанд зөв төлөвлөлт менежмент хийсний үр дүнд жижиглэн худалдаанаас гарах ахуйн хог хаягдал болон явуулын байдлаар төвлөрөх хогийг ангилан ялгаснаар хүрээлэн буй орчноо хамгаалж, эрүүл ногоон орчинг бүрдүүлэх боломжтой юм. Байгаль экологид ээлтэй, эдийн засагт үр өгөөжтэй энэхүү ажлыг үр дүнтэй болгохын тулд хог ачдаг машинуудаа ангилж хаяхад бэлдэхээс гадна иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ухамсрыг дээшлүүлэх, зөв хандлага төлөвшүүлэхэд анхааран ажиллаж байна.