М.Чингисхаан: Би монгол улсын ХААН болох зорилготой
УИХ-ын 18-дугаар тойргийн нөхөн сонгуульд Хэнтий аймгаас бие даан нэр дэвшсэн М.Баасанжаргал буюу М.Чингисхаан СЕХ-нд нэр дэвшигчийн материалаа өглөө.
Тэрбээр хэлэхдээ, “Өмнө нь 2020 онд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байсан учраас туршлагатай байна. Улс төр нийгмийг шүүмжилж суухын оронд залуучууд өөрсдөө мөрийн хөтөлбөр гарган, хуулиа санаачлах боломжтой. Залуучуудынхаа дуу хоолой болно. 800 хүний гарын үсэг цуглууахад залуучууд өөрсдөө ирж гарын үсэг зурсан.
Зорилгодоо хүрэхийн тулд олон арга хэрэгсэл хэрэглэж байна. Би мэдээлэл харилцааны ажилтан, PR, маркетингийн тал дээр туршлагатай, тайз дэлгэцийн найруулагч хүн. Гэхдээ жүжиглэх зарим зүйл дээр алдах онох зүйл байсан. Надад алдаа бий ч ахиж алдахгүйг хичээж байна. Архи уугаагүй, тамхи татаагүй удаж байна. Хүн бүр өөрчлөгдөж болно.
Би монгол улсын ХААН болох зорилготой.
Парламентийн засаглалаар 30 гаруй жил явлаа шүү дээ. Өөрчлөгдсөн зүйл алга. Тиймээс нэг тэргүүнтэй байх болсон. Сонгуульд ялалт байгуулвал төрийн ордонд байгаа унтаа хүмүүсийг сэрээнэ.” гэв.