Сургууль, цэцэрлэгт урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж байна

Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас холбогдох арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тус газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4, 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна. Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль нь төрийн бус өмчийнх бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо нь 20-иос цөөн байгаа юм. Харин танхим болон зайн сургалтыг хослуулан 5/9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад нэг удаад 20-25 хүүхэд хамруулж буй. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзжээ.

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлсэн байна. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй аж. Тус багийнхан холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Тэгвэл 12-17 настнууд дархлаажуулалтын I тунд 86.4-87.8 хувь, II тунд 69.5-72.3 хувьтай хамрагдаад байна.

Энэ онд нийслэлд найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ

Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, дотуур байрны нэг барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байдаг. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн 20 сургууль, цэцэрлэгийн засвар 81 хувьтай үргэлжилж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *