Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн оюун санаа, ёс суртахуун, бие бялдрын хөгжлийг дэмжих нь боловсролын зорилго байх ёстой

УИХ-ын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Эхний хэлэлцүүлэг нь өнөөдөр Төрийн ордонд цахимаар болон танхимаар “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн бөгөөд “Намрын чуулганы гол цөм нь Боловсролын тухай хууль юм. Уг хуулийн төсөл боловсруулагдаж байгаа энэ үед даяаршлын эринд өөрсдийнхөө өв уламжлалыг авч үлдээд, шинэ стандарт, инновацыг боловсролдоо нэвтрүүлсэн Япон улсын туршлага бидний анхаарлыг татаж байна. Иймээс Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна Хүмүүнлэгийн боловсролыг хуулиар дэмжих нь зөв гэж УИХ үзсэн учир энэ удаагийн хэлэлцүүлгийг Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр зохион байгуулж байгаа юм” хэмээлээ.

 

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам тэргүүтэй Монгол, Японы боловсролын салбарт ажиллаж буй багш, эрдэмтэн докторууд, Азийн сангийн төлөөлөгчид оролцож, Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцав.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Цукубагийн их сургуулийн профессор Фүжита Тэрүюки “Япон улсын боловсролын тогтолцоо ба реформ”, МУИС-ийн профессор Д.Дашдулам “Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл ба ялгаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогчид “Боловсролын шинэчлэл” сэдвээр санал бодлоо илэрхийллээ.

Энэ үеэр хот хөдөөгийн боловсролын ялгаа их, хүүхдэд ээлтэй тэгш, хүртээмжтэй бус орчин давамгайлж байгаа ба боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо сул гэдэг дээр санал нэгдлээ. Мөн сургалтын хөтөлбөр тогтвортой бус, сургалтын идэвхгүй арга барил давамгайлсан гэж үзэв.

Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Үндэсний боловсролын бодлого, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч Ийзүка Хидэхико “Япон улсын ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсрол”, Чюүо-гакүин их сургуулийн профессор Б.Оюунцэцэг нар илтгэл тавив.

Энэ үеэр оюун санаа, ёс суртахуун, бие бялдарын цогц хөгжлийг хангах, суралцах боломжийг дэмжих, бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж хамгаалах нь зүйтэй хэмээн үзлээ.

УИХ-ын гишүүн, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг “Өнөөдөр хүмүүнлэгийн боловсролын асуудлаар Монгол, Япон улсын туршлага, бодлогын болон эрх зүйн ижил ба төсөөтэй байдлын талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь УИХ дээр Боловсролын багц хуулийг шинэчилж, Монголын боловсролын томоохон реформ хийх гэж буй энэ цаг үетэй давхцаж байгаа нь маш их чухал ач холбогдолтой. Өнөөдөр танилцуулагдсан асуудлууд бол Монгол Улсын хувьд сайн жишиг, нутагшуулах ёстой чухал асуудлууд байна.

Тухайлбал, Боловсролын шинжээч Ийзүкагийн илтгэлд дурдсан Японы боловсролын гол зорилт нь хүүхдийн оюун санаа, ёс суртахуун, бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж хамгаалах байгаа. Үүнийгээ дагаад секц дугуйлан болон бусад бүх хичээлийн орчин бүрддэг юм байна.

Манай улсын хувьд 2002 оны боловсролын тухай хууль, одоо УИХ-д орж ирсэн Ерөнхий боловсрол болоод Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн үндсэн зорилтод дээрх зорилтууд тавигдсан байгаа. Гэтэл тус зорилт хэрэгжих орчин, хэрэгжүүлэх стандарт байдаггүй.

Манай дунд сургуулиудын хувьд оюун санааны боловсрол буюу сургалтын хөтөлбөр, оюун ухааны хөгжлийг гол анхаардаг, ёс суртахуун болон бие бялдарын хөгжлийг эцэг эхчүүд, багш нар  хоёрдугаарт тавьдаг.

Засгийн газраас өргөн барьсан Боловсролын тухай хуулийн шинэ төсөл дээр зорилгын хувьд шүүмжлэлтэй талууд бий. Жишээлбэл, СӨБ болон Ерөнхий боловсролын тухай хуулийн зорилт дээр суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино гээд бие бялдарын боловсролыг тэр чигт нь хаясан. Мөн манай төсөл дээр ЕБС-ийн сурах бичигт ангид хэрэглэгдэх ном материалыг оруулаад бусад хичээл буюу урлаг, биеийн тамир, технологи зэрэг хичээлүүдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг ор тас хаясан байх жишээтэй. Тйимээс бид Боловсролын тухай хуулийн төсөл дээрээ маш чамбай хандаж, төслийг өргөн барьсан агуулгыг баяжуулж, япон болон бусад улсуудын туршлагаар ажиллах шаардлагатай гэж бодож байгаа.

Харин Судалгааны их сургуулийн хувьд боловсрол бол нийтийн сайн сайхны төлөө байх үйл хэрэг гэдгээрээ төрөөс санхүүжилттэй явах гэдэг үндсэн зарчмаараа судалгаа, зөвлөмжүүд дээр хамтран ажиллана” гэсэн юм.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link