Шатахууны нөөц дууссан шалтгаанууд

Монгол улсад сүүлийн хэдэн өдөр шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хомстсон асуудал үүсээд байна. Үүний цаад шалтгаан нь гол импортлогч ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдал, газрын тос боловсруулах үйлдвэрийн их засвар, намрын ургац хураалтын цаг эхэлсэн гэх мэт олон шалтгаанууд дурдагдаж байна. 

Манай улс нэг улсаас хэт хамааралтай байдаг сул тал нь цар тахлын хүнд үеүдэд нэмж асуудал үүсгэж буй. 

ОХУ-ын хувьд дотоодын хэрэгцээ болон зах зээл дэх үнийн өсөлт нь экспортод ихээр нөлөөлж байгаа юм.  Дотооддоо хомсдол бий болсон учраас экспортлох эсэх дээр одоо ч мөн маргаантай байна. Хэдийгээр манай улс импортын бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг ч үнийн хувьд харьцангуй хямд, ОХУ дотооддоо түгээдэг үнээс ч доогуур.

Өнгөрсөн долоодугаар сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов бирж дэх үнэ өсвөл шатахуун экспортоо зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс ч өмнө буюу дөрөвдүгээр сард ийм байдал үүсч болзошгүй тухай мэдээг тус улсаас манайд хүргүүлсэн байдаг. Гэхдээ бүтээгдэхүүн эспортоо хязгаарлах тухай тодорхой шийдвэр гаргалгүй байсаар наймдугаар сарын сүүлчээр мэдэгдэл ирүүлсэн. Нийлүүлэлтээ танах тухайгаа тун давчуу хугацаанд мэдэгдсэн нь энэ тал дээр манайх бэлтгэлтэй байх боломж бараг байгаагүй гэхэд болно. Гэхдээ эрсдэлийг тооцоолж илүү олон хоногийн нөөц бүрдүүлсэн байх ёстой байсан нь мэдээж хэрэг.

Манайх сард 40 орчим мянган тонн шатахууны хэрэглээтэй улс. ОХУ-аас сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун авах гэрээтэй боловч Роснефть компани есдүгээр сард нийлүүлэх байсан АИ-92 шатахууны захиалгыг 70 хувиар бууруулсан нь манайд ийнхүү хүндхэн цохилт болж сандаргалаа.

Шатахуун борлуулах цэгүүдэд урт дараалал үүсч, нэг автомашинд өгөх шатахууны хэмжээнд хязгаар тогтооход ч хүрэв.

Шатахууны нөөц тасалдалыг арилгахын тулд БНХАУ-аас шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах нэмэлт захиалга өгч, татан авалтуудыг хийж байна хэмээн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. 

Мөн тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арав хүрэхгүй жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн, нийтийн тээврийн хөгжил маш муу, иргэдийн хэрэглээний ухамсар зохистой түвшинд биш гэх мэт олон шалтгаан энэ доголдолд хүчтэй нөлөөлж буйг ч шинжээчид дурдаж байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *