Дарханы зам 2024 онд бүрэн ашиглалтад орох уу?
Сүүлийн хоёр сонгуулийг дамнан Улаанбаатар- Дарханы замын асуудал яригдсаар байгаа ч одоо хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байна.
Дарханы замыг шинэчлэх санхүүжилт, хөрөнгө мөнгө нь аль гурван жилийн өмнө шийдэгдсэн ч 2024 оноос нааш ашиглалтад орох нь үлгэр болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож, 2019 онд бүрэн ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус авто зам Азийн хөгжлийн банк олон ЕСБХБ-ны зээлийн хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд Азийн хөгжлийн банкны замын гүйцэтгэл 60 хувь, ЕСБХБ ойролцоогоор 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн тээврийн яамнаас мэдээлсэн.
Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүс, тус бүсийг зорих иргэдийн хүсэл аюулгүй, стандартад нийцсэн замаар зорчих, бараа материалаа тээвэрлэхэд оршино. Харамсалтай нь зохион байгуулалт, төлөвлөлтгүйн балгаар энэ хүсэл хойшлогдсоор гурван жилийн нүүр үзлээ. Ажиллах хүч хомс, цар тахал, нэг компанид хоёр багц олгосон зэрэг өнгөц асуудлаас болж их бүтээн байгуулалт хийгдсэнгүй удлаа.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн явцыг харвал:
Багц1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлын гүйцэтгэл – 85.43 хувь
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлын гүйцэтгэл – 89.49 хувь
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл – 92.82 хувь
Харин хоёр болон дөрөвдүгээр багцын ажил саатсан байдалтай байна. Түүнчлэн ЕСБХБ-ны таван багц ажил 2023 оны намар дуусах гэрээтэй. Гэвч өнөөдрийн байдлаар нийт ажлын хоцрогдол 40 гаруй хувьтай байгаа юм.
Энэ нь цаг агаар, цар тахлын хорио цээр болон гүйцэтгэгч компаниудын дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван шалтгаанаас үүдэлтэй байгааг яамныхан тайлбарласаар байгаа юм. Түүнчлэн ЕСБХБ-ны хоёр, гуравдугаар багцыг “Жунмей Инженеринг Групп” гэх нэг компанид дангаар өгсөн нь бодит төлөвлөгөөнөөс 45 хувь орчим хоцрогдолтой болгоход нөлөөлжээ.