Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдыг зөвөөр ойлгож ажиллахыг уриалж байна
Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас “Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл нийтэлжээ.
Энэ талаар тодруулахад Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1429 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн хэмжээнд аль ч улиралд, ямар ч цаг үед хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм. Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын хүндхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.