“Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон”
Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоогоод байгаа юм.
Түүнчлэн Сэлбэ гол, Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Америк элчингийн зүүн тал, Зуун айлын гүүрний урд хэсэгт халиа тошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн халиа тошноос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дэнжийн 1000-ын нэг болон гуравдугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн хороодод суваг татаж, далан босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлын зохион байгуулж байгаа аж.
Энэ талаар НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн 33 байршилд халиа, тошин үүсээд буй. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй нийт 2316 нэгж талбар бий. Одоогийн байдлаар үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон. Цаашид “улаан түвшинд ч хүрч болзошгүй.
Халиа тошинд өртсөн айл өрх, иргэний аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, түр далан босгох, шуудуу татах, лаг хагшаас хогийг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай гэж үзэн гамшгийн шар түвшин тогтоосон” гэлээ.
Гамшгийн шар түвшнийг тогтоож, НОК-ын дарга тогтоол гаргаад буй. Тодруулбал,
- Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, Сэлбэ гол дагуух халиа тошингийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээг зохион байгуулах
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хороодод хэсэгчлэн гамшгийн шар түвшнийг тогтоосугай
- Халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагын дарга нарт даалгасан байна